ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын довтлогч Неймар гэрээ нь дууссаны дараа Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ "Интер Майами" багт спортын замналаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ тухай телевизийн Sky Sport суваг мэдээллээ. “Аль-Хилал” багтай түүний байгуулсан гэрээ 2025 оны зургаадугаар сарын сүүлчээр дуусна.
Неймартай хамт “Барселона”-д тоглож байсан Лионел Месси, Серхио Бускетс, Луис Суарес, Жорди Альба нар одоо “Интер Майами”-д тоглож байгаа бол Хавьер Маскерано ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.
Неймар 2023 оны наймдугаар сард “Аль-Хилал”-д шилжин ирсэн бөгөөд 10 дугаар сард ДАШТ-2026-ын урьдчилсан шатанд Уругвайн шигшээтэй хийсэн тоглолтын үеэр бэртэл авч "өвдөгний үений хэрээс хэлбэрийн холбоос гэмтэж, мөгөөрсөн жийрэг урагдсан" гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Үүнээс нэг жилийн дараа тэрбээр талбайд эргэн ирж, Азийн аваргуудын лигийн үндсэн шатны тоглолтод оролцсон билээ.
Дараа нь “Аль-Хилал” баг үндэсний хэмжээнд гурван тоглолт хийхэд Неймар багийн бүрэлдэхүүнд байсангүй. Тэрбээр 11 дүгээр сарын 4-нд болсон тоглолтод сэлгээгээр гарсан боловч 30 минутын дараа баруун хөлнийх нь гэмтэл сэдэрсэн тул талбайг орхижээ.
Өдгөө 32 настай Неймар 2017 онд “Барселона”-гаас ПСЖ-д 222 сая еврогоор шилжин ирсэн юм. Парисын клубийн бүрэлдэхүүнд тэрбээр Францын АШТ-нд 5 удаа түрүүлж, Францын Супер цомын эзнээр 4 удаа шалгарч, Францын цомын тэмцээнд 3 удаа аваргалж, Лигийн цомыг 2 удаа хүртсэн байна. Харин “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн АШТ-нд 2 удаа түрүүлж, Испанийн цомыг 3 удаа хүртэж, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомын тэмцээн болон дэлхийн клубүүдийн АШТ-нд тус бүр нэг удаа аваргалжээ.
Неймар Бразилын шигшээгийн түүхэнд хамгийн олон буюу 79 гоол оруулсан шилдэг довтлогч бөгөөд нийт 128 тоглолтод оролцсон байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0