
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч Юн Сог Онц байдал зарласантай холбоотойгоор импичментийн санал хураалтыг явуулсан юм. Энэ удаад парламентын 300 гишүүн тус хуралдаанд оролцсон. Хуралдаанд Парламент дахь сөрөг хүчний намын бүлгийн дарга Паг Чан Дэ “Ерөнхийлөгч Юн Сог Ёл нь Онц байдал зарлаж Цэргийн дэглэм тогтоохыг оролдсон” гэсэн агуулга бүхий үндэслэлийг танилцуулав. Ингээд 16:30 цаг гэхэд санал хураалтыг явуулав. Удалгүй Парламентын дарга Ү Вон Шиг санал хураалтын дүнг мэдээлэхэд гишүүдийн 204 нь импичментийг дэмжсэн байлаа. Харин 85 гишүүн импичментийг эсэргүүцэж, найман гишүүний санал хүчингүй болж, гурван гишүүн түдгэлзжээ. Ерөнхийлөгч Юн Сог Ёлын Ардын хүч намын 12 гишүүн импичментийг дэмжсэн байна.
Тус улсын Үндсэн хуулиар ингээд импичментээр огцруулчихаар ерөнхийлөгч Юн Сог Ёлын бүрэн эрх Үндсэн хуулийн цэцийнхээ дүгнэлтийг гартал түдгэлзчихэж байгаа юм. Цэц шийдвэрээ гаргасны дараа Үндсэн хуулийнх нь дагуу нөхөн сонгууль болох эсэх нь тодорхой болно.
Ер нь бол ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “Цэргийн дэглэм тогтоох гэсэн”, “Үндсэн хуульд халдсан”, “Эх орноосоо урвасан”, “Эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн дөрвөн зүйлээр буруутгаж байгаа юм. Өмнөд Солонгосын парламентын энэ санал хураалтын өмнө гадаадын болоод тус улсын хэвлэлүүд энэ үйл явдлын талаар тодорхой өнцгүүдээс дүгнэлт, тайлбарыг хүргэж байсан юм. Угаасаа Өмнөд Солонгосын иргэд эдгээр өдрүүдэд ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “Чон Ду Хван-2” гэж нэрлэх болсон.
Тухайлбал, Өмнөд Солонгосын үндэсний өдөр тутмын JoongAng Ilbo сонинд “Юн Сог Ёл 1979 оны төрийн эргэлтийн удирдагч Чон Ду Хваны хувь заяаг давтах уу” хэмээн бичжээ.
Түүндээ “Прокурорууд Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг баривчлах тушаал гаргахдаа ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “бослогын толгойлогч” гэж тодорхойлсон. Хууль зүйн үндэслэл нь 1979 оны арванхоёрдугаар сард цэргийн эргэлт хийж, 1980 оны тавдугаар сарын 17-нд улс даяар Цэргийн дэглэм тогтоосон ерөнхийлөгч Чон Ду Хваныг буруутгаж байсантай ижил байна.
Сөүлийн шүүх 1996 онд Чон Ду Хваныг Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдож, түүнийг удирдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх мөн бослогыг зохион байгуулж, оролцсон өөр нэг ерөнхийлөгч Ро Дэ Ү-д 17 жилийн хорих ял оноосон. Дээд шүүх 1997 оны дөрөвдүгээр сард уг шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хошууч генерал Чон Ду Хван 1979 онд төрийн эргэлтийг удирдаж байсан. Ро Дэ Ү армийн дивизийн командлагч байхдаа өөрийн удирдлага дахь хүчээ дайчилж тусалсан.
Чон Ду Хван, Ро Дэ Ү хоёр карьерынхаа туршид улс төрийн нягт харилцаатай байсан. Чон Ду Хван 1980-1988 оны хоорон, Ро Дэ Ү 1988-1993 оны хооронд ерөнхийлөгчөөр ажилласан. 1996 оны шүүх хурал нь Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч нарыг “Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдож, эх орноосоо урвасан” хэргээр ялласан. Энэ тухайн үед тус улсын хувьд урьд өмнө байгаагүй тохиолдол болж байсан юм. Гэхдээ уг хэрэгт холбогдсон 16 шүүгдэгчээс Чон Ду Хваныг “цорын ганц удирдагч” гэж үзсэн байдаг. Тэгвэл түүх давтагдаж Прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах тусгай товчооноос ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “удирдагч” хэмээн нэрлэсэн. Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны тухайд үүнд нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн.
1996, 1997 онд Сөүлийн шүүх, Дээд шүүхийн шүүгдэгчид “Төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булаан авах хувилбарыг бэлтгэж, тодорхой, үе шаттай үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг хамт хийсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Дээрх хоёр шүүх Чон Ду Хван болон түүний хамтран зүтгэгчид бослого гаргах зорилгоор гэмт бүлэглэлийг зохион байгуулсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид улс даяар цэргийн дарангуйлал тогтоох онцгой дэглэмийг хэрэгжүүлж, өөрсдийн хувилбарт үндэслэн зэвсэгт хүчнийг дайны үеийн зохион байгуулалттайгаар дайчилсныг шүүх хүлээн зөвшөөрсөн юм. Чон Ду Хван, мөн бусад шүүгдэгчид ч өөрсдийн үйлдлээ “Үндсэн хуульд хохирол учруулах зорилгоор зохион байгуулалттай, зориуд зохион байгуулсан үймээн самуун” гэж тодорхойлсон.
1980 оны тавдугаар сарын 17-нд улс орон даяар цэргийн дэглэм бүхий онц байдал тогтоосон нь “Үндсэн хуулийн эсрэг бослого” гэж шүүх засаглал тогтоосон. Ингэхдээ “Энэ нь Үндсэн хуулийн институц болох парламентыг хүчээр устгасантай адил” гэж тэмдэглэсэн байдаг.
1980 оны тавдугаар сарын 18-ны үүрээр цэргийн дэглэм бүхий онц байдлын тухай зарлиг зарлаж, цэргийнхэн Парламентыг эзэлж, наймдугаар сарын сүүл хүртэл парламентын гишүүдийг нэвтрэхийг хориглосон. Ингэж парламентын чуулганыг хуралдуулахаас сэргийлж байсан. Цэргүүд мөн 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон либерал улс төрийн зүтгэлтэн Ким Дэ Жуныг, Үндэсний тагнуулын албыг үүсгэн байгуулж, хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ким Чен Пил болон хэд хэдэн улстөрчийг ямар ч зөвшөөрөлгүйгээр баривчилж байв.
Чон Ду Хван улмаар1980 оны аравдугаар сарын сүүлээр парламентыг тарааж, төрийн эрх мэдлийг булаан авчээ. Түүнчлэн агаарын десантын цэргийг ашиглан иргэдийн эсэргүүцлийг дарж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаах байдлаар амыг нь барьсан.
Шүүх Чон Ду Хваныг бослогын удирдагч гэж дүгнэхдээ тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, Цэргийн академийн дарга, Армийн тусгай байлдааны командын дарга, Дайны үеийн командлагч болон бусад цэргийн өндөр албан тушаалтнуудыг бослогод оролцсоныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, 1979 оны төрийн эргэлтийг “Армийн командлалын эрхийг булаан авах замаар төрийн эрхийг авах хуйвалдаан хийсэн” гэж шүүх тэмдэглэж үлдээжээ” гэж бичсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
Чон Ду Хван бол Кванжугийн оюутны бослогыг хүчээр нам дарсан юм олон зуун оюутныг буудан алж олон мянган оюутныг шоронд шидсэн юм ял авах нь аргагүй хүн ! Харин энэ Юн Сог Ёл нь хөнгөхөөн аальгүйтэж бөйж өөрийгөө хөөдөөд хүндрүүлчихлээ ! Ангийн багын найзууд нь болох цэрэг тагнуулын дарга нар нь болхи хүмүүс байж таараад зарим нь урваад хөөдчихлөө ! Ингэж хөдөлдөггүй юм ! Жаахан хэргийг ттом хэрэг болгоод савангийн хөөс шиг хүндрүүлчихлээ ! Одоо огцроод зогсохгүй ял аваад шоронгийн хадаас болох байх !
Солонгос ардчилсан улс гэxээр ямар олиг байx вэ дээ, одоо л тэр иx ард түмний буxимдал эxэлж байx шиг өөрийнxөөрөө байгаад дуусая гэж бодож эр xурга түүx л үнэнийг xэлнэ, ер нь онцгүй улс дуулддаг тэр суусан монгол эмэгтэйчүүдтэйгээ xарьцсан энэ тэр нь. Уг нь xүний олон xүнээ барьдаггүй л гэдэг одоо барьж иддэг цөвүүн цаг нь ирж байx шиг !
Ухаалаг удирдагчид хэт даварсан оюутнуудыг устгаж ард түмнээ хамгаалдаг. БНХАУ д гэхэд хэт дэварч Монгол улсыг эргүүлэн нэгтгэнэ гэж солиорсон оюутнуудыг танкаар няцалж манай улсад тустай үйл хийсэн юм.Чон Ду Хван бол ард түмэндээ тэрсэлсэн аме?рикийн гар хөл болслон золбин оюутнуудыг нам дарсан гавьчяатан. Аливаа улс үндэстэн сэтгэлийн хийрхэл хөөрлөөр хөнгөмсөг гоомой үйлдэл хийж тогтвортой байдлыг бусниулснаас маш их хохирол амсдаг жамтай.Сүүлийн жишээ бол украйны эмгэнэл юм.
Хэвлэл, ТВ-ээр сэтгүүлч охидууд "импичмент хийв" гэж ярьж бичээд байх юм?! Үйл үгийг тамлаад дууслаа??!!
... импичмент өгөв" гээд байгаа юмаа бас??