sonin.mn

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 13. /ТАСС/. Прион өвчнүүдийг анагаах РНХ эмчилгээ, түрүү булчирхайн радиоиммунийн эмчилгээ, хадуур хэлбэрт эсийн анеми өвчний генийн эмчилгээний эмнэлзүйн туршилтууд нь 2025 онд анагаах ухааны салбар дахь хамгийн онцлог үйл явдлууд байх болно. Энэ тухай шинжлэх ухааны Nature Medicine сэтгүүлийн редакциас танилцуулсан таамаглалд дурджээ.

Мөн биеийн жин бууруулах семаглутид болон бусад төрлийн шинэ эмийг гарган авах, хэрэглээнд нэвтрүүлэхийг олон нийт хүсэн хүлээж байна.




Энэ талаар Nature Medicine сэтгүүлээс явуулсан санал асуулгын явцад судлаачид 11 гол туршилтыг нэрлэсэн байна. Тухайлбал, ирэх 2025 онд прион өвчний янз бүрийн хэлбэрийг эмчлэх зориулалттай ION-717 гэдэг РНХ эмийн эмнэлзүйн туршилт явагдана. Өөрөө үржиж олширдог хортой прион уургууд тархины эсүүдэд хуримтлагдсаны улмаас тархи-мэдрэлийн системд үүсдэг өвчнийг прион өвчин гэдэг. Прион уургууд олшрохтой тэмцэхийн тулд Америкийн биохимичид РНХ-ийн богино молекулыг гарган авч, тархи-нугасны шингэнд хийснээр прионууд үүсэх үйл явцыг дарангуйлах аргыг боловсруулж байна.   



Түүнчлэн хадуур хэлбэрт эсийн анеми өвчнийг эмчлэх BEAM-101 эмчилгээний эмнэлзүйн туршилтыг эрдэмтэд дуусгахаар төлөвлөжээ. Уг эмчилгээ нь өвчтөний цус ба чөмөгнөөс тулгуур эсийг гарган авч, HBB ген дэх гемоглобиний бүтцийг эвддэг мутацийг засварлах зорилготой. Харин Lu177-PSMA-617 эм бол түрүү булчирхайн хавдрын эсүүдтэй холбогдож, лютеци-177 цацраг идэвхт атомуудын тусламжтайгаар тэдгээр эсүүдийг устгаж чадах эсрэг биет юм.  




Түүнээс гадна, психоз буюу сэтгэцийн эмгэгүүдийг эмчлэх шинэ аргын клиник туршилтын үр дүнг эрдэмтэд нэгтгэн дүгнэнэ. Мөн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, Африкийн оршин суугчдын сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ, 2-8 насны хүүхдүүдийн аутизмын оношилгоонд хиймэл оюун ухааны хэд хэдэн технологийг ашигласны дараах үр нөлөөг судална.

Түүнчлэн хөхний хорт хавдрын скрининг хийх шаардлагатай эсэхийг үнэлэх алгоритмуудыг туршихаас гадна өвчтөнүүдийг тураахын тулд хүн тус бүрт тохирсон хоолны хамгийн оновчтой дэглэмийг сонгоно.

Энэ бүх туршилт нь олон төрлийн өвчнийг анагаах эмчилгээний аргуудыг улам баяжуулна гэж судлаачид найдаж байна. 



Б.Адъяахүү