sonin.mn

Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын нийт 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй ба 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байна.


Дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт мөн.


Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн АШТ-ээс алт, их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал. Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв.


Цаашлаад Азийн АШТ-ээс таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, Их дуулгаас нэг алт, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.


Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртсэний 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медаль юм.