sonin.mn

Манайхан “Зүгээр л...” гэдэг шиг ажигласан ганц зүйлээ зүгээр л цаасан дээр буулгая. Миний бичдэгүүдтэй санаа нэг, өмнө нь бишгүй бичигдсэн сэдэв, гэхдээ тусдаа гарчиг болж нийтэд хүрч байгаагүй тул санаа сэдэл аваг, өөрсдийгөө тольдог, тэнэглэлээ зогсоог гээд биччихлээ. Хүлцэн уншаарай!

 

Монголд хамгийн их илүүдэж байгаа, ерөөсөө хамгийн их “зүйл” юу вэ? Миний өмнө нь олж хараад дүгнээд биччихсэн хамгийн их зүйл бол ЦАГ ЗАВ байна. Ёстой цаг завыг барж ядаж байна. Цагаан сар ба Наадмаар “Энэ их жаргалыг яаж барж дууснаа?” гэсэн уур амьсгал нийгэмд доозоо хэтрүүлдэг. ЦАГ ЗАВ нь дэндчихсэн учраас түүнийгээ юунд зарцуулдаг вэ гэвэл миний шинэ өгүүллийн гарчиг болох ХАРААЛ-д зарцуулдаг. Хараал ба Хов гэе. Хараал нь заналхийлэл дагуулах нь хэвийн үзэгдэл. Монголд хамгийн их илүүдэж байгаа, ерөөсөө хамгийн их “зүйл” юу вэ гэсэн дараагийн хариулт бол миний олж харснаар ЭРХ ЧӨЛӨӨ. Эрх чөлөө нь хэтрээд тэр нь ажилгүйдэл, арчаагүйтэл, мөнгөгүйтэл, бас хязгааргүй их цаг зав руу хөтлөчихсөн.

 

Хараал руугаа орж ярья. Талын нүүдэлчин, гүндүүгүй, тал шигээ сайхан сэтгэлтэй, мал сүрэг шигээ дөлгөөн монгол хүн яагаад ийм хараалч болчихсон юм бэ? Хараалч ба ховч гэе л дээ. Ховыг дагаж хараал ундардаг тул тэгж холбоё.

 

Дэлхийн бүх улс үндэстнүүдээс гэж томоор ярьдаггүй юм аа гэхэд, хөгжиж буй ядуувтар улс үндэстний дотор хараал ба хараалчийн тоо толгойгоороо манай улс толгой цохиж яваа болов уу гэх хар надад буудаг. Нөгөө 3.5 саядаа хуваагаад үзвэл. Үнэхээр гаргуун хараалч. Сошиал ертөнц нь тэр чигээрээ хараалаар дүүрсэн, нийслэлийн зам дээр түгжирч явахад дан хараал сонсоно, автобус нийтийн тээвэрт дан хараал, ахуйн явган хэрүүл нь дан хараал, зах дэлгүүрт дан хараал. Кино, жүжиг, хошин урлагтаа хараалыг гаргуун дүрслэнэ. Бүх жүжигчдийнх ам нь эвлэнэ. Хэлэхээс ичихгүй ба сийхгүй.

 

“П” үсгээр эхлэсэн орос хараал олон үеэрээ монголчуудын амны бэлэн зэлэн зугаа болоод уламжлагдаад явж байна. Аль социализмын үед л эрүүгийнхэн гэлтгүй нам, эвлэл, пионерын гишүүд “П”-г хэлж хэвшсэн байсан даа. Миний ба миний дээд, доод үеийнхэн. Гэтэл XXI зууны шинэ монгол хүүхэд залуус “П”-г мөн чөлөөтэй хэлж нүүлгэж байх нь гайхалтай. Нүднээ харагдсан, чихнээ сонсогдсоноороо л тэгж дүгнэж байна. Яаж яваад монголчууд ийм их хараалч болчихсон юм бол гэдэгт эргэцүүлэл хийе. Цаг заваа барж ядсан энэ их хүн цаг заваа ховонд зориулдаг гэлээ. Завтай юм чинь хараалаар занималддаг гэх үү дээ.


Хараалтай нь хамт заналхийлэл урсана.  Гэхдээ ховын өмнөх нэг шат байнаа байна. Тэр нь атаархал. Талын нүүдэлчин, гүндүүгүй, тал шигээ сайхан сэтгэлтэй, мал сүрэг шигээ дөлгөөн хүмүүс яагаад ийм атаархагч, атаархуу болчихсон юм бэ? Атаархаж үхэж байгаагаа хараалаар илэрхийлдэг л логик бууж байна.

 

Яагаад атаархдаг вэ гэдэгт яг таг шууд хариулт олж хэлэхэд бэрхтэй. Ямар ч гэсэн дээшээ гарсан, улс төрд яваа, олигархи гэх баян нөхдөд бүх нийгмээрээ атаархаж байгаа нь ил харагдаж байна. Сохор хүн ч олж харахаар атаархаж үхэцгээж байна. Атаархал нь хов, хорсол, үзэн ядалт, хараал, заналхийлэлтэйгээ холилдоод нийгмийн том үзэгдэл болчихсон. Сошиал ертөнц бэлхнээ хэлээд өгнө. Захын сайтын коментыг аваад үз. Монголчуудын хувьд АТААРХАЛ гэдэг нь амжилтын үндэс, ямар нэг хөгжлийн хөдөлгүүр байхыг би олж үзсэнгүй, гэхдээ ор тас үгүйсгэх гээгүй. Атаархлынхаа хүчээр дэгжээд дээшлээд гардаггүй юм аа гэхэд цаад нөхрөө ядаж ойролцоо зиндаанд уяад байх нь нэг талаар бас дэвшил ч юм шиг, бодоод байх нээ. Өөдтэй өнгөтэй, мөнгөтэй, ажил амьдрал нь хослон гялалзаж яваа бол тэр хүнд дайсан захаас аван мундахгүй нь ийм учиртай. Бүр ам бүл, хамаатан садан, дотны найз нөхөд дотроос нь хүртэл дайсан гараад ирдэг гээч. “Чи ч бүү сайн яв, би бас сайн явахаа байя!” (Миний зовлон чинийх, чи ч бас жаргах ёсгүй!) гэдэг тамын тогооны үлгэрээр атаархал гээч энэ гамшиг Монголын нийгмийг ямагт хэврэгшүүлж байх шиг санагддаг.

 

Атаархал нь тэвчээрийнхээ хилийг давчихсныг нийгэм дэх энэ их хараал заналхийлэл нь бэлхнээ нотлоод өгнө. Хэрэв атаархагч өөрөө оролцоогүйгээр цаад нөхөр нь аяндаа баларч доройтвол шүлсдэх нь энүүхэнд.  “Хохь чинь”-ийг нь ёстой баяр бахдалтайгаар дуудаж өгнө. Нэг хэсэгтээ ярианы сэдэв ба кайф.


Монгол хүн дээрээ л авч ярьж байна. Хэрэв энэ сошиал сайтуудад бичигдсэн зөвхөн заналхийлэл нэг бүрийг тагнуул-цагдаагаар шалгуулаад эзнийг нь олж тогтоогоод шүүхэдвэл мөн ч олон монгол хүн (тролл ба тролл биш) дээлээ нөмрөхөөр зураглал бууж байна. Хараалыг нь орхиё. Ална шулна гэсэн заналхийллийг нь хэлж байна.


Монгол хүн яагаад ийм их хэрүүлч хараалч болчихсон юм бэ гэдэгт нэгдүгээр шалтгааныг нь ЦАГ ЗАВ гээд оношиллоо. Хоёрдугаар шалтгааныг эдлэн буй ардчилал-ЭРХ ЧӨЛӨӨ нь гэчих үү? Гуравдугаар шалтгаан нь АТААРХАЛ+ХОРСОЛ гэхчихлээ. Гэхдээ энэ хоёрыг зэрэг зэрэг нөхцөлдүүлдэг, ялангуяа ХАРААЛ-ыг өдөөгч нь нийгэм дэх ЯДУУРАЛ хэмээн би үздэг. Хаана ч нуухгүй тэгж хэлдэг бичдэг.


ЯДУУРАЛ-ын буруутан нь Төр ба Улс төр гэдэгтэй би 100% санал нийлдэггүй. Магадгүй 80%, бүр 90% нь иргэн Танаас шалтгаалдаг. Ажил хийхгүй, ажлын байранд тэнцэхгүй, шинэ нийгэмтэйгээ интеграцад орохгүй тэнэгтээд яваад байвал өлсөж үхэхгүй, гэхдээ үргэлж ядуу, өлөн, хоосон, дутуу, аз жаргалгүй явна.


Тэр ядуу өлөн дутуудаа Та үргэлж бачимдана, бачимдал чинь атаархал болж тэсэрнэ. Тэсрэлт нь хараал, заналхийлэл, бүр сүүлдээ эргэн тойрон, нийгэм, ертөнцийг үзэн ядах руу түлхэнэ. Хамтдаа үхэж сөнөцгөөе гэсэн аятай. “Түмний нэг” МУСК-нд эсэргүү бослогын байлдааны үед Чимид багш хэлдэг дээ:–Бидний ажлыг бүтэмжтэй болохоор дайснууд хорсож байгаа юм гэж! Яг тийм хорсол одоо нийгэмд түгээд байна. Өөрөө өөртөө тамын амьдралын зам сонгочихсон, зовлонтойгоо тэмцээд дийлдэггүй. Тэгэхлээр нь өөрөөсөө илүү сайн яваа, шударга ба шударга бус баяжагсдыг бүгдийг нь хуугаар нь үзэн ядсан ХОРСОЛ буцлан байна. Ам хэл нь ямагт хэрүүлд бэлэн. Завтай, эрх чөлөөтэй, бас дутуу гучуу, сэтгэл дундуур, түүнийгээ гадагшлуулна. Сав л хийвэл хүн муулна. Өөрөөсөө бусдыг.

 

Монгол хүн цайлган цагаан гэдэгтэй би эвлэрнэ. Гэхдээ тэр нь ховонд итгээд долгинуурт нь баясаад яв гэсэн үг биш. Дарга нарт нэг том дутагдал байна. Монгол дарга нарт. Тэр нь хов долгинуурт дуртай болчихдог гээд би дээр бичиж байснаасаа ухрахгүй. Яг л тийм.

 

Дутуугийн том комплекс манай нийгмийг хэрэн сүлжчихээд байгааг бид харж байна. Хүлээн зөвшөөрч байна. Тэр сүлжээ монгол хүн бүрт там авчирч байна. Дутуугийн комплексоо эрх чөлөөгөөрөө дамжуулаад илэрхийлбэл тэр нь хараал болоод гараад ирдэг ба гүтгэлэг, доромжлол дагуулах нь энүүхэнд. Атаархал, үзэн ядалтаа илэрхийлэхдээ цаад зэвүүг нь хүргэсэн нөхрөө шууд л өмнөд хөрштэй холбоод авна. Атаархлыг нь жинхэнээсээ төрүүлдэг цаад хүнээ “хужаа”, “эрлийз” гэж хоч нэртэй болгоод шүлстэх (ихэнхи нь хөөх туух, алах үхүүлэх заналхийлэл) өвчин гучин хэдэн жил биднийг хэрж байна.


Харлуулах юм олдохгүй байвал хятадын эрлийз гээд гүтгэчихэд нэг хэсэгтээ сэтгэлийн таашаал авдаг шиг байгаа юм. Ер нь үзэн ядсан хүнээ хэн байх нь хамаагүй эрлийз гэж шууд нэрлэдэг дон юм л даа. Хятадын эрлийз гэж нэрлэж зүхсэнээрээ үзэн ядалтынхаа кайфыг авдаг гэх үү дээ.


Хоёр улсын харилцаанд хүндэтгэлтэй хандана гэж байхгүй, тэгсэн мөртлөө Хятадгүй амьдарч чадахгүй болчихсон гачлантай хорвоо. Хил хаагдах, наймаа зогсох, ачаа саатах дээр төр-засгаа яажшүүхэн дарамтлан байгаа билээ гэхчлэн бичвэл зөндөө аргумент байна даа! Төгсгөлд нь хараалчдад зориулсан ганц мэргэн үгсийг Баабар хөрвүүлж ил гаргасныг эшлэе:–Өнөөдрийн аль ч сонин дээр намайг муулсан, хараасан, гүтгэсэн, салаавч дунд хуруу харуулсан ганц ч материал алга! Нэр хүнд минь унаж, францчууд намайг тоохоо больж байгаа юм байх даа! хэмээн Францын Ерөнхийлөгч Шарль дө Голль айлджээ. Хараалчдад таарсан баараггүй хариулт нь биш юм гэж үү?Манай нэртэй улс төрч найз маань “Атгаг атаархалдаа зовохдоо бүгдийг тэгш ядуу болгохыг шаардан шизоорогч” гэж нэрлэсэн бол “Kоментоор тэмцэгч монголын босоо заяат зоригт эрчүүд” гэж жиргээнд миний танил нэг жиргэгч, facebook-ийн нэг залуу найз маань “Хамгийн хорчин, муу үйлэндээ чадварлаг, бүр бүлэглэл болчихсон хүмүүс” гэж оношложээ, хараалчдыг!  



Д.Баярхүү