sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.10 жилээ (1020 өдөр шөнө) угтаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч дарга Д.Медведев, Кремлийн зарим нэг суртал нэвтрүүлэгчид, Германы Гадаад хэргийн сайд хатагтай А.Бербок, Украины Ерөнхийлөгч асан Л.Кучма нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

Дональд Трампын тангараг өргөх ёслолын өдрийг ОХУ-д тэсэн ядан хүлээж, Кремльд бүр ч ихээр санаашран мөрөөдөж, ирээдүйн ажил үйлсээ төлөвлөж байна. Хоёр л зүйл дээр аврал эрж байна.


Энэ нь 1.Путин, оросын өнөөгийн эрх баригчид дайны гэмт хэрэгт татагдахгүй, үүрд цагаатгагдах; 2.Украинаас эзлэж авсан 18% дээрээ гал зогсоож, тэр 18-аа ОХУ-ын нутаг дэвсгэр гэдгийг АНУ ба Баруунаар хүлээн зөвшөөрүүлэх явдал ба гал зогсоосны дараа түр амсхийлт авч, Оросын армийг 2022 оны өмнөх хэмжээнд нь сэргээн босгож байгуулаад дахин Украины үлдэх 82% руу халдан түрэмгийлэх нь гарцаагүй гэсэн тооцоонд Путин хөтлөгджээ. Трампын эрх барих 4 жилд дайнгүй байж болно. Дараа нь араа шүдээ хүртэл зэвсэглэж өс өвөрлөсөн Орос босч ирээд Украиныг хайр найргүй нядлах тэр цаг мөч Трампад хүртээлгүй.


Үүнийг украины сайтууд, улс төрчид, судлаачид, сэтгүүлчид байнга анхааруулан бичих бөгөөд тэдний яриа, дүгнэлт Трампад эрхбиш хүрч байгаа биз ээ. Ийм л сэдэв голлож байна. Оросын эрх баригчдын байнга ярьдаг сэдэв: “Украин гэж улс байгаагүй, зохиомол улсыг Ленин бий болгосон”, “Украины төрт улс гэж байхгүй, энэ бол ердөө л нутаг дэвсгэр”, “Украин үндэстэн гэж байхгүй. Украин хэл гэж байхгүй. Орос, Украин хоёр нэг үндэстэн, нэг ертөнц” гэх мэт.


Д.Медведев хэлж байжээ:


–2022 оны 8 дугаар сар гэхэд байхгүй болчихсон Украины хэнтэй нь юу хэлэлцэх юм бэ? Украин хоёр жилийн дараа дэлхийн газрын зурагнаас алга болно! гэх мэт. Лавровын дуу хоолой М.Захарова:–Урьдын хилээрээ Украин улс оршин байхгүй! Хилээ буцааж тогтооно гэж байхгүй! гэсэн бол ОХУ-ын Төрийн Думд Европын Холбоонд элсэх хүртлээ тэвчиж чадахгүй, элсэхээсээ өмнө Украин алга болно, бүрэн сүйрнэ гэдэг дээр санал нэгтэй шүүмжлэл өрнөж байв.

 

Путины өдүүлсэн энэ дайны цаад мөн чанар нь РАШИЗМ гэдэг их гүрний дээрэнгүй үзэл санаанаас угшилтай гэдэг дээр украины судлаачид санал нэг байна. Тэр нь ердөө л өс хонзон гомдол болох ажээ. Украин руу харваж буй пуужин, бөмбөг болгон өс, гомдол дагуулсны бараг 90% нь оросуудын гомдлыг шингээсэн гэж dialog.ua/war/ сайтад бичсэн байх юм.


Тэр гомдол нь “2022-02-24”-ний гэгээн саруул өглөө украинчууд нийтээрээ баярлан бахдаж угтаагүй, харин бүгд эрслэн босч эрх чөлөө, эх орноо хамгаалах дайнд орсон, одоо ч байлдаад байгаад нь үхтлээ гомдсон орос хүний гомдол нь тэр “90%” юм гэнэ. Тэр утгаараа оросууд ийм нэг нэгдмэл гэмээр бодолтой:


Бид Украиныг алдсан, одоо эргүүлж авна, Украиныг Орост нэгтгэхгүй бол Оросын түүх дууслаа, Украингүйгээр юун Оросын эзэнт гүрэн, иймд Украиныг устгаж Орост нийлүүлэх хэрэгтэй гэдэг дээр оросууд нэг хэсэгтээ тархиа угаалгасаар байх ажээ. Трампад анхааруулж хэлсэн үг гэж ойлгогдохоор нэг чухал дүгнэлт байна. Хатагтай А.Бербок:–“Чамайг заавал алж устгана” гэсэн хүнтэй хэлэлцээ хийх бололцоо бий юү? Хэлэлцээ хийх замаар дайныг зогсоох боломжийг бид олж харахгүй байна. Бид танай орныг дээрэмдэнэ, танай иргэдийг бид захирна, харин Та нар дараа нь үүнд гарын үсэг зурна–Ийм хэлэлцээ гэж байдаг юм уу?

 

1992-1993 онд Украины Ерөнхий сайд, 1994-2005 онд Ерөнхийлөгч асан Л.Кучма яг голоор нь хэлжээ:


–Путин Украиныг устгахыг хүсч байна. Украины дараа Молдова, Казахстан, Гүрж рүү халдана. Оросын түрэмгийллийн газар зүй өргөжсөн тохиолдолд Литва, эсвэл Польш аюулд учрахаасаа илүүтэй НАТО-гийн гадна байгаа хуучин зөвлөлтийн БНУ-ууд аюулд өртөнө.


Молдова, Умард Казахстанд мэдрэгдээд эхэллээ. Энэ утгаар Гүржийн нэр ч цухалзлаа. Орос гэдэг чинь өөрөөс нь аль сул дорой руу нь л халддаг! Лут онож хэлсэн байгаа биз?

 

Империйн үзлээсээ хэзээ ч татгалзахгүй, дэлхийг байлдан эзэлдэггүй юм аа гэхэд хуучин СССР, Дорнод Европыг хяналтдаа эргүүлж оруулан 1945 оны Сталины хүчирхэг үеэ эргэж сэргээе гэсэн Оросын өнөөгийн эрх баригчидтай энхийг тохинуулна гэсэн санаархал Трампын гэнэн атлаа бизнес тархинд гүн шингэсэн гэдэгт АНУ-ын түнш холбоотнууд оросууд шиг тэгтлээ итгэхгүй ч дор дороо аргаа бодоод эхэлжээ. Трампыг ирэхээс өмнө өрсөе гэсэн шиг “Гүржийн Майдан” 2013-2014 оны украины зохиомжоор өрнөлөө. Сирид Орос ба Ираны байр суурийг сүрхий ганхуулж эхэллээ. Молдовад ардчилсан сонгуулиараа Орост “Үгүй” гээд эцсийн цэг тавьчихлаа. 


Энд анзаарах нэг зүйл байна. Трамп оросын гар хөл, тоглоом хэзээ ч болохгүй гэдгийг түүний багийнхан байнга тэмдэглэж байна. Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажиллах генерал Жо Кит Келлогг (Joseph Keith Kellogg) CNN-д ингэж ярьжээ: 1) Хэлэлцээг зөвшөөрснийхөө төлөө Оросыг хориг арга хэмжээнээс нь хязгаарлагдмал хэмжээгээр хөнгөвчилнө. Гэхдээ Киевт таалагдах нөхцлөөр энхтайвны гэрээ байгуулсан тохиолдолд хориг арга хэмжээг бүрэн цуцална; 2) Оросын эрчим хүчний түүхий эдийн экспортод тусгай төлбөр ногдуулах бөгөөд энэ нь Украины сэргээн босголтод зарцуулагдана; 3) Украин нь эзлэгдсэн газар нутгаасаа татгалзахгүй, гэхдээ зөвхөн дипломат арга замаар буцааж авах үүрэг хүлээнэ; 4) Гэвч Путиныг эрх мэдлээс нь зайлуулсаны дараа л хэрэгжих боломжтой болно гэжээ.

 

Маш ойлгомжтой хэлчихсэн юм биш үү? Путины санаархал, хүсэл хэзээ ч биелэхгүй ээ гээд. Путины дараа үлдэх шинэ эрх баригчидтай нь л ярилцана, өөртэй нь бол “Үгүй” гээд цэг тавьчихсан мэт.

 

Орост эдийн засаг хүндрэл рүүгээ хар аяндаа гулсаж буй мэдээ тасрахгүй ирж байна. Оросын сайтууд, зарим ТВ-ийн сувгаар ил ярьдаг болжээ. Хүнсний үнэ оросуудад хүнд тусч байна. Хамгийн их өссөн үнэ: 200% өссөн хүнсээр өнгөрсөн сард цөцгийн тос-масло тодорсон бол одоо төмс 276% өссөн гэж оросын сайтад бичжээ. Төмөр замын ачааны тарифын хэмжээг РЖД биш, барааны эзэд тогтоон үнээ өсгөн уралдаж ачаагаа ачуулах тэмцэл явагдаад удаж байгаа тул хүнсний үнэ дагаж өссөн гэж байна. Оросын төсөв 2 их наяд рублийн цоорхойтой батлагдаж, дайныг санхүүжүүлж байдаг “Фонд национального благосостояния” гэдэг нь бараг царцаж байна.


Үүнээс болж оросын суртал нэвтрүүлэгчид “Дайнаа зогсооё!”, “Орос дайнч улс биш!”, “Орос энх тайвныг хүсч байна!” гэх уриалгыг амны уншлага мэт ТВ-ээрээ давтана. “Авралын од Д.Трамп” хэмээн РТР, ОРТ, бас бус ТВ-үүд нь ам нийлүүлэн уйлан дуулалдах нь нэн эмгэнэлтэй. “Бид сөнөлөө!” гэх цөхрөлийн үгс нь биш гэж үү?

 

АНУ Украинд JASSM агаар-газар ангиллын пуужин өгөхийг шийдвэрлэх гэж байгаа бололтой. Оросын нутгийн гүнд 300 км доторх цэргийн байгууламжууд болон байлдааны нисэх онгоцны 30 аэрдромыг устгах боломж бүрдэнэ. Тэр пуужин нь 1000 км тусгалтай алсын тусгалт далавчит пуужин мөн бөгөөд эхний ээлжинд 300 дотор ашиглах болзолтойгоор Украин авах юм байх. Ийнхүү украинчууд барууны пуужингуудыг чөлөөтэй ашиглан Оросын нутаг дахь цэргийн байгууламжууд, шатах тослох материалын баазууд, цэргийн хуарангууд, зэвсгийн агуулахууд, төмөр зам ба авто замаар хөврөх цэргийн цуваануудыг устгасаар байх ба Украины Батлан хамгаалахын сайд Р.Умеров “Украинчууд бид эх нутгаа бүрэн чөлөөлтөл Эх орны дайнаа зогсоохгүй, харин ч илүү хүчтэй дайтах болно!” гэж мэдэгджээ.

 

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь