sonin.mn

БУХАРЕСТ, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /DW/. Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг хүчингүй болгох шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэц гаргажээ.

Уг санал хураалтад хэт барууны үзэлт Кэлин Жоржеску хамгийн олон буюу сонгогчдын 23 хувийн саналыг авсан нь олны таамгийг эвдсэн юм.

“Ерөнхийлөгчийг сонгох үйл явцыг дахин шинээр эхлүүлэхийн тулд засгийн газраас сонгуулийн товыг тогтоох ёстой” гэж цэцийн мэдэгдэлд дурджээ. Ингэснээр санал хураалт төдийгүй сонгуулийн сурталчилгаа “тэгээс эхлэх” ёстой болж байна.




Лхагва гарагт Румыний Ерөнхийлөгчийн цахим хуудсанд “сонгуулийн сурталчилгаанд ТикТок сүлжээ нөлөөлсөн эсэх тухай нууц илтгэл” нийтлэгдсэний дараа Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрийг гаргажээ.



Жоржескугийн сурталчилгааны явцад Хятадын TikTok платформ дээр байршуулсан түүний роликууд асар ихээр тархсан бөгөөд энэ нь зөвхөн блогчдын дэмжлэг ба рекламын орлогод тулгуурласан гэх нь эргэлзээтэй гэж өрсөлдөгчид нь хардаж байгаа юм. Тухайлбал, Жоржескугийн сурталчилгаа нь Оросын дэмжлэгтэйгээр Молдова, Украинд явуулсан сонгуулийн кампанит ажиллагаатай төстэй байна гэж буруутгажээ. Харин дээрх илтгэлд “Оросын тал Румыний сонгуулийн дүнд нөлөөлөх гэж оролдсон” хэмээн шууд дурдаагүй боловч ийм санааг битүүхэн цухуйлгажээ. Хариуд нь Жоржеску гадаад улсуудаас ямар ч дэмжлэг аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.  



Сонгуулийн өмнөх судалгаагаар, Жоржеску 10-аас доош хувийн санал авахаар байсан хэдий ч тэрбээр 23 хувийн саналаар тэргүүлсэн юм. ТикТок-ийг ашиглан түүний хийсэн сурталчилгаа санал хураалтын өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд эрс идэвхжсэн ажээ.

Ням гарагт сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болох байсан боловч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр цуцлагдаж байна.

Сонгуульд ялах өндөр магадлалтай байсан Ерөнхий сайд Марчел Чолаку санал хураалтын дүнг цуцалсныг “цорын ганц зөв шийдвэр” гэж дүгнэсэн бол Жоржескутай дараагийн шатанд өрсөлдөх гэж байсан Европын тал баримтлагч Елена Ласкони “35 жилийн ахиц дэвшлийг бүрмөсөн үгүй хийлээ” хэмээн цэцийн шийдвэрийг шүүмжилжээ. 


Б.Адъяахүү