sonin.mn

ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 5. /ТАСС/. Багийн ахлагчийн туузан дээрээ шашны холбогдолтой үг бичсэн Английн хөл бөмбөгийн шигшээ баг ба “Кристал Палас” багийн хамгаалагч Марк Гехи хоёр дахь удаагаа шийтгэл хүлээлгүй өнгөрсөн тухай The Times сонинд бичжээ.

Учир нь, Английн хөл бөмбөгийн холбоо "Кристал Палас" багийн ахлагчид шийтгэл ногдуулаагүй бөгөөд давтан сануулга өгөхөөр болсон байна.




Английн Премьер Лигийн 13 дугаар тойргийн тоглолтын үеэр Гехи багийн ахлагчийн туузан дээр “Би Исүст хайртай” гэсэн үгийг бичсэн байсан нь улс төрийн ба шашны утга агуулгатай бичвэрийг хувцас хэрэглэл дээр байрлуулахыг хориглоно гэсэн Английн хөл бөмбөгийн холбооны дүрмийг зөрчжээ. Ингээд тус холбооноос цаашид ийм зөрчил гаргаж болохгүй гэдгийг "Кристал Пэлас" клуб ба М.Гехид анхааруулсан байна. Гэтэл 12 дугаар сарын 3-нд болсон 14 дүгээр тойргийн тоглолтын үеэр тэрбээр үйлдлээ давтаж, багийн ахлагчийн туузан дээрээ “Исүс чамд хайртай” гэсэн үг бичсэн байжээ.

Ташрамд дурдахад, 2013 оноос эхлэн Английн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд ЛГБТ иргэдийг дэмжих үүднээс бүх багийн ахлагч нар солонгын долоон өнгөтэй туузыг зүүх ёстой болсон байна. Харин “Ипсвич" багийн ахлагч, Египетийн хагас хамгаалагч Сэм Морси ийм тууз зүүхээс татгалзсан бөгөөд хожим нь үүнийгээ шашны итгэл үнэмшилтэй холбон тайлбарласан юм.




Өдгөө 24 настай М.Гехи 2021 оноос хойш "Кристал Палас" багт тоглож байгаа бөгөөд 128 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт хийжээ. Харин Английн шигшээгийн бүрэлдэхүүнд 22 тоглолтод оролцохдоо 2 удаа оновчтой дамжуулалт хийсэн байна. Тухайлбал, Германд болсон Европын АШТ-ний финалын тоглолтод оролцжээ.  


"Кристал Пэлас" баг Английн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтэд 12 оноотойгоор 16 дугаарт бичигдэж байна



Б.Адъяахүү