sonin.mn

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийг Узбекистаны Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ даргаар сонгосон тухай тус хорооны хэвлэлийн алба мэдээллээ. Уг шийдвэрийг өнгөрсөн ням гарагт болсон ҮОХ-ны 41 дүгээр Ерөнхий Ассамблейн үеэр гаргасан бөгөөд ерөнхий сайд Абдулла Арипов төрийн тэргүүний нэрийг дэвшүүлсэн байна.


“Лос-Анжелес хотноо 2028 онд болох Олимпын наадамд бүх талаар нухацтай бэлтгэх хэрэгцээ шаардлага, мөн манай улсын олон мянган хүнтэй Олимпын гэр бүл, тамирчид, дасгалжуулагчдын хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр БНУзбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевийн нэрийг дэвшүүлсэн” гэж ҮОХ-ны мэдээлэлд дурджээ.


Түүнчлэн ҮОХ-ын нэгдүгээр орлогч даргаар Азийн Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Отабек Умаров, ерөнхий нарийн бичгийн даргаар Ойбек Касимов, орлогч даргаар Шерзод Ташматов нарыг тус тус сонгосон байна. ҮОХ-ны удирдлага ийнхүү солигдсон нь Олимпын мөчлөг бүрт тус хорооны  удирдлагыг шинээр сонгож байна гэсэн тус байгууллагын дүрмийн заалттай холбоотой юм.


Ерөнхий Ассамблейн хуралдааны явцад өмнөх Олимпын мөчлөгийн хугацаанд хийсэн ажлын талаарх Узбекистаны Спортын сайд Адхам Икрамовын илтгэлийг сонсжээ. Тэрбээр тамирчдын амжилтыг дурдсаны сацуу боломжуудыг ашиглаж чадаагүй спортын зарим холбоог шүүмжилсэн байна.  


Сануулан дурдахад, Париж-2024 Олимпын наадамд Узбекистаны тамирчид түүхэнд байгаагүй амжилт гаргаж, багийн дүнгээр 13 дугаар байрт шалгарсан билээ. Баг тамирчид нийт 13 медаль, түүний дотор 8 алтан медаль хүртсэний 5-ыг нь боксчид авчээ. 



Б.Адъяахүү