ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп армийн чөлөөнд гарсан дэслэгч генерал Кит Келлог-ийг ерөнхийлөгчийн туслах, Украин, ОХУ-ын асуудал эрхэлсэн тусгай элчээр томилно гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. К.Келлог Д.Трампын өмнөх засаг захиргааны үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тамгын газрын дарга байсан бөгөөд дэд Ерөнхийлөгч асан Майк Пенсийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байв.
Д.Трамп К.Келлогийг тусгай төлөөлөгчөөр томилсон талаараа мэдэгдэхдээ, бид хамтдаа энх тайвныг баталгаажуулж, Америкийг, дэлхий ертөнцийг дахин аюулгүй болгоно гэлээ.
К.Келлог долоодугаар сард VOA сувагт ярилцлага өгөх үеэрээ Украины дайныг зогсоох тухай өөрийн байр суурийг хуваалцжээ. Тухайн үед тэрбээр төлөвлөгөөгөө Д.Трампад танилцуулаагүй хэмээн хэлснээс гадна албан ёсны зөвлөх биш байсан боловч уг төлөвлөгөө нь авч үзэх нэг хувилбар байх болно хэмээн ярьж байжээ. Мөн дараа нь “Украинд гал зогсоож, мөргөлдөөнийг хэлэлцээний замаар зохицуулах” албан ёсны бодлого явуулахыг АНУ-д санал болгосон байна. Киев Оростой энхийн хэлэлцээ хийж эхлэхийг зөвшөөрсөн тохиолдолд Оросыг хэлэлцээний үеэр болон дараа нь довтлохоос сэргийлэхийн тулд АНУ Украиныг зэвсэглэсээр байх болно.
Оросыг хэлэлцээрт оролцохыг ятгахын тулд АНУ болон НАТО-гийн бусад түншүүд Украиныг тус эвсэлд гишүүнээр элсэхийг удаан хугацаагаар хойшлуулна гэж К.Келлог бичжээ.
Урьдчилан төсөөлж буй хэлэлцээрийн дагуу Оросын булаан авсан бүх газар нутгаа эргүүлэн авах хүсэл эрмэлзлээсээ татгалзахыг Украинаас шаардахгүй, харин Киев зөвхөн дипломат арга хэрэглэхийг зөвшөөрч, бүх газар нутгийг эргүүлэн авахад удаан хугацаа шаардагдана гэдгийг ойлгох ёстой. Энэхүү стратеги нь Украины сэргээн босголтыг санхүүжүүлэхийн тулд Оросын эрчим хүчний импортод татвар ногдуулах, энх тайвны төлөөх алхмуудыг Кремлиэр хийлгэхийн тулд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлахыг санал болгох ажээ. “Та бүгд дайныг зогсоох арга замыг хайж олох хэрэгтэй, эс бөгөөс дайн эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно... Энэ нь Украин бууж өгсөн гэсэн үг биш, мөн газар нутгаа өгсөн гэсэн үг биш” гэж тэрбээр долоодугаар сард ярьсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Нацист алиалагч Зеляг bye bye гэчихсэн байна, ккк
Путлер капут
хугацаа дууссан өмхий мах шиг зеленскийтлер капут
PUTIN KAPUT