РОМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар талуудын санаа зовнилыг төрүүлж буй асуудал болох Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцжээ.
Гадаад хэргийн сайд нар мягмар гарагт Италийн нийслэл Ром хотоос холгүй орших Фьюжи хотод Энэтхэг, Филиппин, Өмнөд Солонгос, Индонезийн сайд нартай энэ асуудлаар хэлэлцээ хийсэн байна.
Японы Гадаад хэргийн сайд Такэши Ивая хэлэхдээ, Япон улс хууль дээдлэх ёсонд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалахын тулд үзэл бодол нэгтэй түншүүдтэйгээ хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Түүнчлэн Хятад улсын зүгээс далайн тэнгис дэх ажиллагаагаа эрчимжүүлж буй Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаагаа улс орнууд илэрхийлсэн байна.
“Долоогийн бүлэг” мөн Хятад улстай үр дүнтэй, тогтвортой харилцаа тогтоох арга замыг эрэлхийлж, санал зөрөлдөөнийг арилган зохицуулахын тулд харилцаа холбоотой ажиллахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин нотолжээ.
Японы Гадаад хэргийн сайд мөн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийн талаар шийдвэр гаргахад эв нэгдэлтэй байхыг “Долоогийн бүлэг”-т уриалсан байна. Эл асуудалд Япон онцгой анхаарал хандуулж ирсэн юм.
Мөн Т.Ивая олон арван жилийн өмнө Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг яаралтай шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүссэн бөгөөд улс орнууд ч мөн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Украины эсрэг дайнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Умард Солонгосын тал Орост цэргүүдээ байршуулж, байлдааны ажиллагаанд оролцуулж байгаад талууд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0