МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /TASS/. Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Астанад айлчлах үеэр дэлхийн нөхцөл байдлын талаар түүнтэй санал солилцохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Астанад удахгүй уулзах үеэр бид худалдаа-эдийн засаг, тээвэр-ложистик, түлш эрчим хүч, шинжлэх ухаан-техникийн салбарын хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн олон улсын байгууллагууд, интеграцын бүтцүүдийн хүрээнд хийх цаашдын хамтын ажиллагаа, түүнчлэн улам ээдрээтэй болж байгаа дэлхий дахины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцоно” гэж тэрбээр В.Путиний айлчлалын өмнөхөн нийтэлсэн нийтлэлдээ бичжээ.
“Казахстан ба Орос: стратегийн түншлэлийн шинэ хэтийн төлөв” нийтлэл Астана хотод Оросын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал эхлэх өдөр буюу өнөөдөр "Известия" сонинд нийтлэгдсэн байна.
В.Путиний төрийн айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэн дэх онцгой чухал үйл явдал болно гэж К.Токаев онцолжээ. "Энэхүү айлчлал нь хамгийн дээд түвшний статустай бөгөөд манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийн харилцаа онцгой ач холбогдолтойг харуулж байна" гэж Казахстаны удирдагч бичжээ.
В.Путин арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Казахстанд айлчлах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээс гадна, Уфа хотод болж буй хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны форумын нэгдсэн хуралдаанд Токаевын хамт цахимаар оролцох ажээ. Тэрбээр мөн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0