ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /VOA/. Израил улс болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснийг АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гарагт мэдэгджээ.
Тэрбээр мэдэгдэхдээ, АНУ, Францын зуучлалаар байгуулсан энэхүү гэрээ нь өнгөрсөн онд Газын зурваст дайн эхэлснээс хойш олон мянган хүний амийг авч одсон мөргөлдөөнийг зогсоох замыг нээж, байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох зорилготой гэдгийг онцолжээ.
Мягмар гарагт Израилын Аюулгүйн зөвлөл уг хэлэлцээрийг 10-1 саналаар баталсны дараахан Ж.Байден Цагаан ордонд үг хэлэхдээ, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати нар хэлэлцээ хийсэн тухай мэдэгдсэн байна. Израил, Ливаны хилийн бүсэд болж буй байлдааны ажиллагаа орон нутгийн цагаар өглөөний 4 цагт зогсоно гэж тэрбээр мэдэгджээ.
“Энэхүү гэрээ байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох ёстой. “Хезболла” болон бусад террорист байгууллагуудын үлдэгдэл Израилын аюулгүй байдалд заналхийлэхийг цаашид зөвшөөрөхгүй” гэж Ж.Байден хэлсэн байна.
Гэрээнд заасны дагуу Израилын тал 60 хоногийн дотор цэргээ татаж авах бол “Хезболла” бүлэглэл хилийн бүсэд дэд бүтцээ сэргээн босгохгүй байхыг хянахын тулд Ливаны арми Израилтай хил залгаа нутаг дэвсгэрийг хяналтдаа авах ажээ. "Хоёр талын энгийн иргэд удахгүй нутагтаа аюулгүй буцах боломжтой болно" гэж Ж.Байден онцлоод, АНУ-ын засаг захиргаа одоо Газад бүрмөсөн гал зогсоохыг шаардаж байгаа бөгөөд Саудын Араб, Израил хоёр харилцаагаа хэвийн болгох боломжтой гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
за болждээ...
Аштай юу даа.