sonin.mn

2024 оны 11-р сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд баталсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас эхлэх хугацаатай. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас уг хуулийг 2027 оны 8-р сараас эхлүүлнэ гэж хойшлуулж буй бөгөөд үүнийгээ ямар нэг тодорхой үндэслэлээр тайлбарлаж огт чадахгүй байгаа юм.

Даваа гарагт буюу 11-р сарын 25-нд хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг уг тогтоолын төслийг дэмжээгүй гэх боловч бүлгийн хуралд оролцсон УИХ-ын 31 гишүүнээс 18 дэмжээгүй бол 13 нь дэмжсэн байна.


Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг 13 гишүүн МАН, ХҮН намынхантай нийлбэл Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдах нь гарцаагүй гэсэн үг.
Энэ тохиолдолд Лу.Гантөмөр "С.Эрдэнэ номер хоёр" болох нь бараг л тодорхой болж байгаа хэрэг юм.


Засгийн Газраас өргөн мэдүүлснээр бол хууль хэрэгжих хугацаа 2027 оны 8-р сар байгаа нь гол ньанс.


МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрт: "Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй" гэж шахдаг гэдэг.

Үүнийхээ шалтгааныг албан ёсоор тайлбарлахдаа, хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэж тайлбарладаг гэх боловч үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.


Энэ хуулийн өөрчлөлтийн дагуу ч 2027 оны 8-р сар хүртэл АН хурлаа хийхгүй тул Лу.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах үйл явцад голлох үүрэгтэй оролцох нь тодорхой болж байна.

Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө нэр дэвшин, МАН-ын нэр дэвшигчийн "амны бөх", "зөөлөн боорцог" болж унаж өгч байсан шиг Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй юм. Юутай ч МАН-ынхан Лу.Гантөмөрийг яг л С.Эрдэнэ шиг 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал ашиглах нь тодорхой болж байна.


С.Сарнай