Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон” багийн ахлагч А.Овечкин зүүн хөлний тахилзуурын ясны гэмтлийн улмаас дөрвөөс зургаан долоо хоногийн хугацаанд тоглолтод оролцох боломжгүй болсон тухай тус лигийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Тэрбээр “Юта” багтай хийсэн тоглолтын /6:2/ гуравдугаар үед өрсөлдөгч багийн хоккейчинтой мөргөлдсөний улмаас гэмтэл авсан байна.
Үндэсний хоккейн лигт тоглох хугацаандаа 39 настай Овечкин хамгийн дээд тал нь зургаан тоглолтыг өнжиж байсан юм. “Юта”-тай хийсэн тоглолтод тэрбээр хоёр шайб оруулсан бол үүнээс нэг хоногийн өмнө “Вегас” багтай тоглохдоо /5:2/ хет-трик хийсэн юм. Энэ улирал эхэлснээс хойш Ови 15 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байв. 39 насандаа тэрбээр таван үе дараалан гоол оруулснаар ийм амжилт үзүүлсэн “хамгийн өндөр настай” тоглогч болж байна. Өмнө нь Теему Селянне 38 насандаа ийм амжилт үзүүлж байжээ.
Одоо Овечкины хувьд, лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан алдарт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 26 шайб оруулах үлдээд байна. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан бол А.Овечкин 868 гоол оруулаад байна.
“Вашингтон” багт түүнтэй хамт тоглож байсан Е.Кузнецов ярихдаа “Саша бол маш хүчирхэг хүн, шаардлагатай бол нэг хөл дээрээ ч тоглож чадна. Энэ улиралд тэрбээр Гретцкигийн амжилтыг эвдэж чадна гэж би бодож байна, мэргэжлийн үүднээс энэ бол боломжтой зүйл” гэжээ. Он дуусах хүртэлх хугацаанд “Вашингтон” баг 19 тоглолт хийнэ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Дэлхий дээр хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан тамирчин бол Канадын Уэйн Гретцки юм Тэрээр 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан