Үндэстнүүдийн лигийн тэмцээний Румын-Косовогийн тоглолтын үеэр талбайг орхин явсан Косовогийн хөлбөмбөгийн шигшээ багт техникийн ялагдал өгөх шийдвэрийг УЕФА гаргасан байна.
Харин Косовогийн хөл бөмбөгийн холбоо уг шийдвэрийг давж заалдах өргөдлөө Спортын арбитрын шүүхэд /CAS/ хүргүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Үндэстнүүдийн лигийн тэмцээний С дивизионы II хэсгийн тоглолт 15-ны өдөр Бухарест хотод болсон бөгөөд хоёрдугаар үеийн нэмэлт цагт тооны харьцаа 0:0 байх үед гэнэт зогссон байна. Учир нь, талбайн эзэн багийн хөгжөөн дэмжигчид тоглолтын үеэр “Серб, Серб” гэж хашгиралдаж байсан бөгөөд үүнийг эсэргүүцсэний илэрхийлэл болгож Косовогийн хөлбөмбөгчид талбайг орхин явжээ. Үүнээс нэг цагийн дараа шүүгч тоглолтыг зогсоосныг мэдэгдсэн байна.
Өчигдөр буюу лхагва гарагт УЕФА-гаас хийсэн мэдэгдэлд дурдсанаар, Косовогийн шигшээ баг 0:3 харьцаагаар техникийн ялагдал хүлээсэн бол Румыний хөл бөмбөгийн холбоонд 128 мянган еврогийн торгууль ногдуулж, тус улсын шигшээ багийн өөрийн талбайд хийх нэг тоглолтыг үзэгчидгүйгээр явуулахаар шийдвэрлэжээ.
Харин Косовогийн хөл бөмбөгийн холбоо мэдэгдэхдээ “манай үндэсний шигшээ багийн эрх ашгийг хамгаалах үүднээс CAS-т давж заалдах өргөдөл гаргах болно.
Манай хөлбөмбөгчид тэвчихийн аргагүй нөхцөлд тоглохоос татгалзснаар асар их эр зориг, үлгэр жишээ зан чанарыг үзүүлсэн. Энэ бол зөвхөн Косовогийн хөл бөмбөгт хамаарах асуудал биш, энэн бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийн эсрэг тэмцэл мөн” гэжээ. Үүний сацуу тус холбоо Румыний талыг торгох УЕФА-гийн шийдвэрийг дэмжсэн байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0