sonin.mn

Сэтгүүлчдэд зориулсан кибер аюулгүй байдлын сургалтыг ЦХИХХЯ-ны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс өнөөдөр /2024.11.20/ зохион байгууллаа. Сургалтаар кибер халдлагын төрөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөс гадна бодит кейс дээр суурилан сургалтыг зохион байгуулсан юм.


Тодорхой хэлбэл, “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо”, “Гаалийн хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна”, эсвэл гадаадад байдаг хамаатан садны нэрийг барин мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд нь Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм. Таны утсанд дээрх байдлаар мессеж ирэх, цахим шуудангаар мэдэгдэл илгээх, линк явуулах, эсвэл сүрдүүлэх айлгах тактикийг хакерууд ашигладаг. Жишээлбэл, тухайн илгээсэн линк рүү дараад орсон тохиолдолд таны мэдээллийг бүрэн авах боломжтой гэдгийг анхаараарай. Зөвхөн линк дээр л дарсан хэмээн бодож болохгүй үүнийг дагаад нэр, овог, утасны дугаар, регистрийн дугаарыг тань мэдээд авчихна. Улмаар дээрх мессежинд итгэн, картын дугаар, нууцлалын 3 оронтой тоогоо өгсөн тохиолдолд таны дансанд мөнгөө бүгдийг авах боломжийг халдлага үйлдэгч этгээдэд олгож байна гэсэн үг.