МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 17 /РИА Новости/. Европын хөл бөмбөгийн холбооноос /УЕФА/ Румын, Косовогийн шигшээ багуудад сахилга батын хэрэг үүсгэжээ. Энэ нь Үндэстнүүдийн лигийн хэсгийн шатны тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн гаргасан зохисгүй үйлдэл ба тоглолт гэнэт зогссонтой холбоотой юм.
Баасан гарагт Бухарест хотод болсон Үндэстнүүдийн лигийн С дивизионы II хэсгийн Румын-Косовогийн шигшээ багуудын тоглолт хоёрдугаар үеийн нэмэлт цагт тооны харьцаа 0:0 байх үед гэнэт зогссон байна. Учир нь, хөгжөөн дэмжигчид “Серб, Серб” гэж хашгиралдсаар байсан тул Косовогийн хөлбөмбөгчид үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн талбайгаас гарч явсан байна. Үүнээс нэг цагийн дараа шүүгч тоглолтыг зогсоосныг зарлажээ.
Удалгүй Косовогийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэл хийж, тоглолт тасалдсан явдалд “хариуцлагагүй, ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаж, зохисгүй авирласан” Румыний хөгжөөн дэмжигчдийг буруутгаад, УЕФА-д хандсан байна. Хариуд нь Румыний хөл бөмбөгийн холбоо мэдэгдэхдээ “тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид яс үндсээр ялгаварлан гадуурхсан байдлаар орилж хашгираагүй бөгөөд зочин багийнхан талбайг орхин явсан нь харамсалтай” гэжээ.
Өмнө нь 2023 оны есдүгээр сард болсон ЕАШТ-ний урьдчилсан шатны Косово-Румыний тоглолт бүтэн цагийн хугацаанд тасалдсан бөгөөд энэ нь Румыний хөгжөөн дэмжигчид “Косово бол Сербийнх” гэсэн бичиг бүхий зурагт хуудсыг өлгөснөөс үүдэлтэй байжээ.
Түүнээс гадна, энэ оны 10 дугаар сард УЕФА-гийн тусгай хорооноос Косовогийн хөлбөмбөгийн холбоог 51 мянган еврогоор торгох шийдвэр гаргасан байна. Учир нь, Үндэстнүүдийн лигийн тэмцээний Косово,Румыний шигшээ багуудын тоглолтын үеэр талбайн эзэн багийн хөгжөөн дэмжигчид хөл бөмбөгийн талбайд дайран нэвтэрч, янз бүрийн эд зүйлсийг шидэж, төрийн дуулал эгшиглэх үед хашгиралдаж, үзэгчдийн суудал руу орох гарцуудыг хааж байжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0