Английн шүүгч Дэвид Кут-тай холбоотой үйлдлийг Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ шалгаж эхэлсэн тухай тус холбооны цахим хуудсанд мэдээлжээ. Өмнө нь, The Sun сонины цахим хувилбарт нийтлэгдсэн нэгэн дүрс бичлэгт, Кут байж магадгүй нэгэн хүн мөнгөн дэвсгэртийг ороогоод цагаан өнгөтэй бодисыг хамраараа сорж байгаа нь харагдана.
Уг бичлэгийг 7 дугаар сарын 6-нд буюу шүүлтийн VAR системийн туслах шүүгч Д.Кут Европын аварга шалгаруулах тэмцээний Испани-Германы тоглолтыг /2:1/ шүүсний маргааш өдөр нь хийжээ.
“Шүүгч Дэвид Кут УЕФА-гийн сахилга батын дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоохын тулд тус холбооны хянан байцаагчийг томилсон” гэж УЕФА-гийн мэдэгдэлд дурдсан байна. Түүнээс гадна, Английн мэргэжлийн шүүгчдийн холбооны шийдвэрээр Английн Премьер Лигийн тоглолтуудыг шүүж байсан Д.Кутын шүүх эрхийг цуцалжээ. Учир нь, тэрбээр “Ливерпүүл” багийнхныг үг хэлээр дайран доромжилж, тус багийг дасгалжуулж байсан Юрген Клоппыг “герман зулбасга” гэж хэлж байгаа нь дүрс бичлэгээс харагдана.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0