sonin.mn

Үндэстнүүдийн Лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтод Италийн хөл бөмбөгийн шигшээ баг Бельгийн хөлбөмбөгчдийг талбайд нь хожсоноор лигийн тэмцээний хасагдах шатанд шалгарлаа.


А дивизионы II дугаар хэсгийн тоглолт өчигдөр Брюссель хотод болж, зочин багийн хөлбөмбөгчид 1:0 харьцаагаар хожсон бөгөөд 11 дэх минутанд Сандро Тонали цорын ганц гоолыг оруулжээ.


Мөн тус хэсэгт багтсан Францын шигшээ "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд Израилын шигшээтэй тоглож, 0:0 харьцаагаар тэнцсэн байна. Лучано Спаллетигийн дасгалжуулж буй Италийн шигшээ баг 13 оноотой болсноор хэсгээ тэргүүлж байна. Түүнчлэн Үндэстнүүдийн лигийн тэмцээний ¼-ийн хасагдах шатанд 10 оноотой Францын баг шалгарчээ. Харин Доменик Тедескогийн удирдсан Бельгийн шигшээ баг 4 оноотойгоор гуравдугаарт бичигдэж байна. Израилын баг 1 оноо авч дөрөвдүгээрт жагсаж байгаа хэдий ч гуравдугаар байр руу ахих боломжтой хэвээр байгаа бөгөөд ахисан тохиолдолд А дивизионоос шууд хасагдахгүй юм. Сүүлчийн 6 дугаар тойргийн тоглолтууд энэ сарын 17-нд болох бөгөөд Италийн баг талбайдаа Францтай тоглох бол Израил, Бельгийн багууд гуравдугаар байрын төлөө өрсөлдөнө.  



Б.Адъяахүү