sonin.mn

Хуульч Б. Гүнбилэгтэй ярилцлаа.


-УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй дагалдсан хуулиудыг баталлаа. Төсөв хэлэлцэх дэг, журмууд алдагдсан. Хэлэлцүүлэг өрнөөгүй зэрэг шүүмжлэлүүд чуулганаар өрнөсөн. Төсвийн тухай хуультай холбоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлэх хууль журам нь юу байдаг вэ?


-Хэвлэлээр УИХ-ын гишүүдийн ярьж байгаагаас харахад Засгийн газар Аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, олон улсын валютын сангийн зөвлөмжийг харвал төсвийн зарлагыг хэт их тэлсэн, цаашид инфляци өсөх, дамаа авилгал нэмэгдэх, аж ахуйн нэгжүүдэд дарамт учрах боломжуудыг бий болгосон төсөв өргөн барьсан байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн төсөвтэй танилцах эрхийг хангаагүй, зарим тоонууд нь хэт ерөнхий задаргаагүй, шаардлага хангаагүй юм байна. Зарим гишүүдийг шинэ гишүүн гээд яриулдаггүй юм байна гэж ойлгогдож байгаа. Эдгээр нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн хууль, Төсвийн хууль гээд олон зохицуулалтыг зөрчинө.


Жишээ нь, аудитын дүгнэлтийн 30 дугаар хуудсанд "6.24. Шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн барилга байгууламж ангиллын 99.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл арга хэмжээ, их засварын ангиллын 298.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээ магадлалаар баталгаажсан зураг төсөлгүй байна" гэж тусгасан байна.


Монголбанк 25 онд зэс 9450 байнаа гээд нийтэд танилцуулаад яваад байхад Сангийн яам улсын төсөвтөө 10000-аар оруулаад батлаж болох уу? Төсвийн алдагдлаа бага харагдуулах гэсэн л санаа юу? гээд хардлага, шүүмжүүд их байна. Ийм төсөв угаасаа батлаж болохгүй гээд Төсвийн хуулийн 5 дугаар зүйл дээр зарчмыг тодорхойлсон байгаа. Уг зарчмууд нь төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх зэрэг нь бүхэлдээ алдагдаж байна. Энэ шинжээр нь хамгийн наад зах нь төсвийн хуулийн баталгаажсан зураг төсөвгүй хэсгүүдийг түүгээд Цэцэд өгөхөд Төсвийн хуулийн энэ санхүүжилтүүд хүчингүй болох эрсдэлтэй. 


-Гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Төсвийн байнгын хорооны даргыг муу ажиллалаа гэж гишүүд үзэж байна. Мөн УИХ-ын дарга ч гэсэн шүүмжлэлд өртөж байна. Энэ талаар...?


-Ойлгомжтой асуудал байхаа. Гишүүд өөрсдөө илэрхийлж байна. УИХ-ын тухай хуулийн “13.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” үүргээ манай спикер сайн гүйцэтгэж чадахгүй байна. Төсвийн байнгын хорооны үйл ажиллагаанд гишүүд тааламжгүй байна гэдэг нь УИХ-ын даргыг хууль сахиулах үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэг шүүмжлэлтэй бас давхацна. Ч. Лодойсамбуугийн хэлснээр дэгийн тухай хууль зохиож уншсан бол УИХ-ын даргыг огцруулах шууд үндэслэл болно. Хэрэв тэгээгүй, Ч. Лодойсамбуу гишүүн худлаа ярьсан бол Лодой хариуцлага хүлээнэ. Энэ хоёрын аль зөвийг мухарлах хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа ийм байж болохгүй. Зүгээр ингээд сенсаац дэгдээгээд хаяад байвал төрд итгэх, хуульд итгэх иргэдийн итгэл гэж маш том үнэт зүйлд халтай. 


-Ингэхдээ 2025 оны төсвийн тодотголыг хийх тогтоолыг давхар баталсан. Энэ нь хууль зөрчсөн явдал, зарим нь Үндсэн хуулийн зөрчил гэж тайлбарлах гишүүд байна. Энэ явдал хуулийн ямар зөрчил болж байна вэ. Энэ талаар дэлгэрүүлье?


-Тэгэхээр саяны тодотголтой холбоотой тогтоолоор Төсвийн тухай хуулийн 29.3.6-д “тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх” гэж заасан учраас бидний яриад байгаа хүний эрхийн эрэмбэ, улсад нэн шаардлагатай байгаа асуудлыг эхлээд санхүүжүүлэх, гол амин чухал хэрэгцээгээ хангах тал дээр бол дорвитой өөрчлөлт гарахгүй.


Тодорхой тоо байхгүй тогтоол учир тэгсхийгээд аргалаад өнгөрөх болов уу? Энэ том хөрөнгө оруулалтууд хийгдээд явна гэсэн үг. Харин урсгал зардлыг танах гэдэг дээр ажиллах юм шиг байна.


Сүртэй хүлээлт бол үнэндээ алга. Иргэдийн шаардаад байгаа, зарим нь хэрэггүй шүү дээ гээд байгаа мега төслүүд явдагаараа явна. Иймд Ерөнхийлөгчийн хоригт ач холбогдол өгч, энэ төсвийн хуульд бүхэлд нь хориг тавиач гээд Д. Энхтүвшин гишүүний яриад байгаа нь үндэслэлтэй. Нөгөө талаас Төсвийн тодотголыг ямар үед хийх вэ? гэдэг дээр Төсвийн хуулийн 34 дүгээр зүйл дээр тодорхой заасан байна. Гол нөхцөл нь урьдчилан харах боломжгүй байдал үүссэн бол жишээ нь үнэ өссөн, төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, өрийн баталгааны эх үүсвэр хөрөнгө хүрэлцэхгүй байх, төсвийн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх гэх мэт. 


-Төсвийн хуулиа баталчихаад хамт тодотгол хийх тогтоол батална гэдэг нь нэгэнт хууль бус хууль батлаад түүнийгээ тодотгоно гэсэн санаа гэж харагдаад байна. Энэ талаар?


-Урьдчилан хараагүй биш, харин Төсвийн хуулиа батлаж байхдаа болохгүй байнаа гээд харчихсан байхад Төсвийн хуулиа үргэлжлүүлж батлаад, тэгээд Засгийн газар төслөө татахгүй хүчээр түрээд явчихаж байна. УИХ үүнийг батлахгүй унагах боломж байсан боловч баталчихсан, дээр нь урьдчилан харсан хэрнээ нэмээд тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын ...үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэх үндэслэл рүү орчихоод байна.


Гол асуудал нь болохгүй юм байна гэдгийг мэдсээр байж баталчихаад, тэгээд тогтоолоор засна гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил. Уг тогтоолыг Засгийн газар нь хууль зүйн хувьд яг яаж, дагах нь тодорхойгүй учраас Засгийн газар одоо тэгсгээд аргалаад Төсвийн хуулиа хадгалаад үлдчих боломжтой.


Энд Засгийн газар биш, УИХ хариуцлагагүй байна. Өргөн утгаараа бол Засгийн газар иргэдийн амьд явах эрхийг хангах тал дээр ажиллах ёстой байтал тэгсэнгүй. Хууль зүйн техник талдаа бол одоо энэ Засгийн газрын асуудал биш, УИХ-ын асуудал. Гол нь Засгийн газрын шийдвэрийг УИХ дэмжээд баталчихсан.    


-Парламентын хууль тогтоох эрх мэдэл рүү Засгийн газар халдсан явдал гэж бас тайлбарлаж байна. Ер нь энэ байдал ямар үр дагавартай вэ?


-Засгийн газар зөв ч бай, буруу ч бай юм оруулсан бол засах чиг үүрэг нь УИХ-д бий. Одоо бол Засгийн асуудал биш, УИХ нэгэнт баталчихсан юм чинь энэ бол УИХ-ын асуудал болж байгаа. Одоо Л. Оюун-Эрдэнийн асуудал биш, Д. Амарбаясгалангийн удирдаж байгаа парламентын асуудал болж хувирна. УИХ-ын даргын чадвар муу, магадгүй шинэдээд байна. Уг нь буруу юман дээр түс тас шийддэг байх ёстой. Гол нь тэр шийдвэрийг гаргахад өөрийнх мэдлэгийн цараа, сэтгэл харагдана. Нөгөө талаас хурал даргалагч бол загнадаг зандардаг байвал явдаггүй, асуусан асуултыг хариулах хүнд нь хуваарилаад л сууж байхгүй бол өөрөө өмнөөс нь идэвхийлээд байвал хэт субьектив болж гишүүдийн хүндэтгэлийг хүлээхгүй, гал дуудна, дарангуйлагч болчих гээд байдаг. Аль аль талаа спикер анхаарах ёстой. Спикер бол зүгээр хурлын удирдаач шүү дээ. Түүнээс тэнгэрт гарчихсан нөгөө төрийн гурван өндөрлөг гээд дээр суучихсан хүн биш. 


-Төсвийн хуулиар шийдвэрлэх асуудлаа эрэмбэлэхгүй байна гэж шүүмжилж байна. Энэ талаар...


-Улсын төсвийн хөрөнгө оруулалт бүх талаараа Улаанбаатарын агаарын нөхцөл байдлыг засахад чиглэх ёстой. Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцуудын хүний эрх хэсэг яагаад амьд явах эрхээр эхэлдэг вэ? Амьд явахын тулд хамгийн түрүүнд амьсгалах эрх хамгийн түрүүний эрэмбэд орно. Нийт хүн амын тал нь энд үхэж байгаа, энд оршин суугчид хүүхдүүдээ шууд алж байгаа гэдгийг ойлгосон төсөв батлах ёстой.


Энэ агаарын бохирдлыг засахад дам нөлөөлөх биш, шууд нөлөөлөх санхүүжилтүүдийг хийх ёстой байлаа. Тухайлбал, хотын айл өрхүүдийг зуухаар халаах биш, янданг шууд хориглоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёстой юм.


Үндсэн хуульд заасан онц байдлыг Улаанбаатарт зарлах, ингэж зарласнаар өмчилсөн, өмчлөөгүй газар хамаа байхгүй, яндангуудыг хураах, шаардлагатай бол хууль биелүүлээгүй иргэдийн газрыг албадах, оронд нь нөхөн төлбөр хэлбэрээр орон сууцанд оруулах, мөнгө авч нүүх сонголтыг бий болгох, барилга, дэд бүтцийг шийдэх ёстой юм. Тэгэхгүй бол бүгд үхэж байгаа. Үхэж байгаа шүү. 2025 оны намар гэхэд хотын бүх янданг яаралтай буулгая гэвэл иргэдэд цахилгаан, гаазаар гэр орноо халаах боломж, нарны болон салхин станцууд, гэрээ дулаалах барилгын материал, татварын хөнгөлөлт, ногоон зээл, пассив хауз барих боломж гээд бүгдийг нь шийдэх хэрэгтэй байна. Тэр хиймэл дагуул, уул нүхлэх, метро энэ тэр дараагийн асуудал. Тэр мөнгөөр чинь үндэстнийхээ нэг номерын тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Хорт хавдрын төдийгүй бүх шатны эмнэлгийн үйлчилгээг санхүүжүүлэх гээд энэ рүү л чиглэх ёстой.


Одоо дэд бүтцээ шийдээгүй байж, ийм шийдвэр гаргавал манайхан цахилгаанаар гэрээ халаахад наад зах нь эрчим хүчний хангалт байхгүй, хангалаа гэхэд дэд станцууд нь ачааллаа дийлэхгүй буудна, дийллээ гэхэд айл өрхүүдийн цахилгааны утас нь шаардлага хангахгүй, энд тэндгүй галын дуудлага болчих гээд байна.


Энд юу хэрэгтэй вэ? Төсөв, зохион байгуулалт, удирдагчдын хүн чанар дутаад байна. Гэр орон нь хүйтэн, хоол дутмаг, зарим хүүхэд нь зуны гуталтай айл, тэгээд элэг, уушигны хортой хавдартай, гэр нь аймар амьсгалах агааргүй байлаа гэж бодъё. Нээх гоё хивс том өрөөндөө дэвсээд, балконоороо шууд гадагшаа буух шат бариулаад хэрэггүй нь хэнд ч ойлгомжтой. Иргэд юу хүсч байгааг ойлгодоггүй, ойлгосон ч хүн чанаргүй удирдагчидтай улс юм.  




Б.Энхзаяа

Эх сурвалж: tsahiur.mn