sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп бага Роберт Кеннедиг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ. “Америкчуудын аюулгүй байдал, эрүүл мэнд бол аливаа засаг захиргааны хамгийн чухал асуудал бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт томоохон хямралыг үүсгэсэн химийн хорт бодисууд, бохирдуулагч бодисууд, пестицид, эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээс хүмүүсийг хамгаалахад Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам асар их үүрэг гүйцэтгэнэ” гэж тэрбээр “Truth Social” олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. 


Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA), Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC), Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIH) болон бага орлогогтой иргэд, 65-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн даатгал олгодог "Medicare", "Medicaid" хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг хариуцан удирддаг. 


2024 оны санхүүгийн жилд холбооны төсвийн 22.8 хувийг эзлэх 3.09 их наяд ам.долларын төсөв батлуулсан Эрүүл мэндийн яам Америкийн олон арван сая иргэний хувьд гол үүрэг гүйцэтгэдэг. Сенатч Роберт Кеннедийн хүү, Ерөнхийлөгч Жон Кеннедийн ач хүү Кеннеди нь Трампын шилжилтийн багийн бүрэлдэхүүнд багтаж, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудын гол албан тушаалд нэр дэвшигчдийн асуудлыг хариуцаж байгаа ажээ.


Сүүлийн хэдэн долоо хоногт Кеннеди таргалалт, чихрийн шижин, аутизм зэрэг архаг өвчнүүдтэй тэмцэх, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах химийн бодисын хэмжээг багасгах зэрэг эн тэргүүнд хийх ажлуудаа танилцуулсан байна.


Эрүүл мэндийн үйлчилгээ, эмэнд зарцуулах зардал их байгаа хэдий ч америкчууд бусад чинээлэг орны иргэдтэй харьцуулахад эрүүл мэндийн хувьд төдийлөн сайн биш байна гэж “Commonwealth Fund” байгууллагын өнгөрсөн оны тайланд дурджээ.  Кеннеди мөн FDA-ийн ажилтнуудыг цомхотгох, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн ажилтнуудын дунд халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг