sonin.mn

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /ВВС/. Сар орчмын өмнө Камала Харрис телевизийн АВС сувагт ярилцлага өгч байлаа. Энгийн найрсаг яриа хөөрөөний үеэр нэр дэвшигч өөрийнх нь талаар илүү ихийг мэдэхийг хүсэж буй сонгогчдод сонирхолтой зүйлсийг ярих болов уу гэж америкчууд хүлээнэ. 

Одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж буй алхмуудаас ялгарахаар өөр ямар зүйлсийг та хийж чадах вэ гэсэн асуултад Харрис “толгойд юу ч орж ирэхгүй байна” гэж хариулсан нь олон сонгогчийн ой тойнд үлдэж хоцорчээ. Яг ингэж хэлснийг нь, өөрөөр хэлбэл, Харрис сурталчилгааныхаа явцад шинээр юуг ч санал болгож чадахгүй гэдгийг бүгд найрамдахчууд тэр даруйд нь овжноор шүүрэн авч, сөрөг сурталчилгаа хийж эхлэв.

Дэд ерөнхийлөгч Харрис нэр хүндээ алдсаар буй Ерөнхийлөгч Ж.Байденаас зайгаа барьж, эдийн засгийн байдал сайнгүй байгаа нөхцөлд шинэчлэл хийж чадна гэдгээ сонгогчдод итгүүлж чадсангүй.




Тэрбээр сонгуулийн маргааш өдрийн орой ялагдсанаа хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийх үеэрээ “сэтгэлээр унахгүй байх”-ыг дэмжигчдэдээ хандан уриаллаа.




Аливаа ялагдал үнэхээр хүндээр тусдаг. Ялагдсан гэдэгтэйгээ эвлэрэхэд цаг хугацаа хэрэгтэй гэж Харрисын сонгуулийн штабын удирдагч Жен О Мэлли Диллон ажилтнууддаа цахимаар илгээсэн захидалдаа дурджээ.




Тэгэхээр Харрис ялагдсаны гол шалтгаанууд юу вэ?


 


Байдены “өв”


 


Трамптай хийсэн мэтгэлцээнд тааруухан оролцсон Байден сонгуулийн өрсөлдөөнөөс гарч, оронд нь К.Харрисыг праймериз буюу нам доторх сунгаа хийлгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд шууд нэр дэвшүүлсэн билээ. Тэрбээр 100 хоногийн сурталчилгааны кампанит ажлаа эхлүүлэхдээ, манлайлагчдын шинэ эрин ирснийг зарлаад, үр хөндүүлэхийг эмэгтэйчүүдэд хуульчлан зөвшөөрч, үнийн өсөлтийг зогсоож, орон сууцыг хүртээмжтэй болгоно гэдгээ ажилчдад амлав. “Ажилчин ангийг” Ардчилсан намын талд татах нь сонгуулийн сурталчилгааны гол зорилтуудын нэг байлаа.Үр хөндөлтийг хориглох тухай АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа болж байгаагаараа энэ удаагийн сонгууль онцлог байлаа. Тэгэхээр уг шийдвэрийг эсэргүүцсэн Харрисын байр суурь нь сонгуульд ялах нэг гол хөзөр болно гэж АН-ынхан найдаж байлаа.


Сонгуулийн өмнөх ердөө гуравхан сарын хугацаанд Харрис ба түүний багийнхан маш эрч хүчтэй ажиллаж, шоу бизнесийн одууд болох дуучин Тейлор Свифт, Бейонсе нар, телевизийн хөтлөгч Опра Уинфри, жүжигчин Женнифер Лопес, рэппэр Меган Ти Сталлион, Карди Би зэрэг алдартнуудын дэмжлэгийг авч, хандивын хэмжээ нэг тэрбум доллароос давж рекорд тогтоож байлаа.

Гэсэн хэдий ч энэ бүх дэмжлэг Байденд дургүй хүмүүсийн санаа бодлыг эргүүлж чадсангүй. Байден сүүлийн 4 жилийн хугацаанд засгийн эрхийг барих явцад түүнийг дэмжиж буй сонгогчдын тоо 40 орчим хувьд хэлбэлзэж байсан нь хангалтгүй үзүүлэлт юм. Америкчуудын 2/3 орчим хувь нь “улс орон буруу замаар явж байна” гэж үзэж байлаа. Хар арьстнууд ба латин америкчууд АН-аас нүүр буруулаагүй боловч энэ удаад Трампад өмнөхөөс илүү олноороо саналаа өгчээ. Тэд нийлээд сонгогчдын бараг 20 хувийг бүрдүүлдэг.

2020 онд Жо Байденыг дэмжиж байсан сонгогчдод Харрисын штабынхан илүү найдлага тавьж байсан юм. Эдгээр сонгогчид бол африк гаралтай америкчууд, латин америкчууд бөгөөд залуучууд мөн багагүй хэсгийг бүрдүүлнэ. Мөн хотын захад оршин суудаг дээд боловсролтой хүмүүст ихээхэн найдлага тавьж байв. Гэвч найдлага талаар боллоо. Латинамерикчуудын дэмжлэг 13 хувиар, африк гаралтай америкчуудын дэмжлэг 2 хувиар, 30-аас доош насны залуучуудын дэмжлэг 6 хувиар тус тус буурсан байна.  


Үр хөндөлтийг зөвшөөрснөөр эмэгтэйчүүдийн саналыг авах гэсэн оролдлого ч бүтэлгүйтэв. Өөрөөр хэлбэл, урьд нь БНН-ыг дэмжиж байсан эмэгтэйчүүдийг талдаа татаж чадсангүй. 2020 онд эмэгтэйчүүдийн 57 хувь нь Байденд саналаа өгч байсан бол энэ удаад 54 хувь нь Харрисыг дэмжжээ.


Чикакогийн их сургуулиас 120 мянган сонгогчийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр, 10 хүн тутмын 3 нь “гэр бүлийнх нь санхүүгийн байдал дордсон” гэж хариулсан бол 4 жилийн өмнө 10 хүн тутмын 2 нь ингэж хариулж байлаа. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж буйд санаа зовж байгаагаа 10 хүн тутмын 9 нь илэрхийлж байв. Мөн 10 сонгогч тутмын 4 нь “хууль бус цагаачдыг ирсэн газар руу нь буцаах нь зүйтэй” гэж үзэж байв. Гэтэл 2020 онд ийм бодолтой хүмүүс 3/10-ыг эзэлж байжээ.

Бодит байдал ийм байсаар атал эдийн засагт учирч буй сорилтууд, цагаачлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэдэг тал дээр Харрис өөрийн байр суурийг олон нийтэд хүргэж чадсангүй. Тодруулбал, Ардчилсан намын пиарчид нэлээд том алдаа гаргасан нь сонгуулийн дүнд нөлөөллөө. Учир нь, Трамп хууль бус цагаачлал, үнийн өсөлттэй тэмцэнэ гэж амлаж байсан бол Харрис хүрээлэн буй орчныг хамгаалах, үр хөндөлтийг хуульчлан зөвшөөрөх гэсэн тэс хөндлөн сэдвүүдийг хөндөж байлаа. Өмнө нь АН-ыг дэмжиж байсан олон америкчууд үүнийг сонсоод, жирийн иргэдийн санааг чухам юу илүүтэй зовоож байгааг мэдэрдэггүй Харрис “бодит амьдралаас тасарч вакуум орчинд” амьдарч байгааг гайхан шагширч байлаа. Түүний штабт элит сургуулиудыг төгссөн хүмүүс пиарчаар ажиллаж байсан учраас үнийн өсөлт тэдний санааг зовоохгүй байв.

Мөн АН дотроо хагаралтай байсан нь сонгуулийн дүнд нөлөөлжээ. Зарим улстөрч Байденыг Харрисаар солихыг дэмжихгүй байсан бол Байден өөрөө энэ асуудлаар муж улсуудын захирагчидтай /АН-аас томилогдсон/ огт зөвшилцөөгүй юм. 




Одоо зарим хүмүүс “нэр дэвшигчийн статусаа тавьж өгөлгүй эцсээ хүртэл зууралдсаны улмаас Камалад маш бага хугацаа үлдсэн” хэмээн Байденыг буруутгаж байгаа бол зарим нь “бүхнийг тарааж хаясан” Камалаг өөрийг нь буруутгаж байна.

Харрисын хамгийн том алдаануудын нэг бол олон нийтэд төдийлөн танигдаагүй Миннесотагийн захирагч Тим Уолцыг дэд ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр сонгосон явдал байлаа. Гэтэл стратегийн үүднээс Хойд Каролинагийн захирагч Рой Купер гол муж улсуудын нэг болох Хойд Каролинад Харрисын байр суурийг бэхжүүлж чадах хүн байлаа. Улмаар энэ муж улсад Трамп ялсан юм.



Кампанит ажлынхаа сүүлчийн үе шатанд Харрис онцолж хэлэхдээ, түүний засаг захиргаа бол Байдены Цагаан ордны үргэлжлэл биш гэж ойлгуулахыг оролдсон боловч өөрийн гэсэн бодлогоо сайтар томьёолон тайлбарлаж чадсангүй. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны явцад Харрис одоогийн ерөнхийлөгч Байденаас зайгаа барьж, сонгогчдод шинэ зүйлийг амлах нь зүйтэй байсан хэмээн АН-ы зарим зүтгэлтэн сонгууль өнгөрсөн хойно ярьж байна.


Харин К.Харрисын олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Жамал Симмонсын үзэж байгаагаар, тухайн тохиолдолд ийм боломж үнэхээр байгаагүй гэнэ. Хэрвээ Харрис Байденаас зайгаа барьсан бол Трампын талынхан үүнийг нь тэр даруй ашиглаж “АН-ынхан дотроо урваж шарваж, нэгдмэл зорилгогүй болжээ” хэмээн сөрөг сурталчилгаа хийх байв.  

«Өөрийг нь томилсон ерөнхийлөгчөөс нүүр буруулах ямар ч аргагүй” гэж Симмонс хэлсэн юм. Харрис ерөнхийлөгчийг шүүмжлээгүй, түүний бодлогоос гажаагүй, үүний зэрэгцээ энэ бодлогод төдийлөн их анхаарал хандуулахгүйг хичээж байлаа.




Трампын эсрэг дайралт




Сонгуульд албан ёсоор нэр дэвшихээсээ өмнө Харрис кампанит ажлаа Трампын талаарх бүх нийтийн санал асуулга /референдум/ хэлбэрээр явуулахыг эрмэлзэж байлаа. Калифорнийн прокуророор ажиллаж байсан тэрбээр хуулийн байгууллагад ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан Трампыг янз бүрийн эрүүгийн хэрэгт холбогдуулахыг идэвхтэй оролдож байлаа. Харин сонгуульд нэр дэвшсэнийхээ дараа Трампын эсрэг Байдены гол хөзөр буюу “Д.Трамп ардчиллын оршин тогтнохуйд аюул учруулж байна” гэсэн дүгнэлтийг ашигласангүй. 

Эхэндээ тэрбээр эерэг асуудлуудыг хөндөж, хувь хүний эрх чөлөөг хангах, дундаж анги давхаргыг дэмжих талаар ярьж байв. Гэвч кампанит ажлын төгсгөл рүү Трампыг буруутгаж, түүнийг “фашист” гэж нэрлэж, бүгд найрамдахчуудын цуглаанд ирэхийг урьж байлаа. Трампын тамгын газрын даргаар ажиллаж байсан Жон Келли “А.Гитлерийн талаар Трамп магтах өнгө аясаар ярьсан” гэснийг К.Харрис тэр дор нь шүүрэн авч, ерөнхийлөгч асныг сэтгэцийн хувьд тогтворгүй хэмээн шүүмжилж байв.  



К.Харрис Трампыг үг хэлээр дайрч давшлахад хамаг анхаарлаа чиглүүлж эхэлсэн тэр үеэс л сонгуульд ялагдах нь тодорхой болсон юм. Трампын талаар сонгогчид бүхнийг мэдэж байсан бол Харрис ерөнхийлөгч болсныхоо дараах эхний өдөр, эхний сар, эхний жилд юу хийх бол гэдгийг ихэд сонирхож байлаа” гэж нийгэм судлаач Фрэнк Лунц ярьж байна.


Энэ бол Харрисын сонгуулийн сурталчилгааны томоохон алдаа байсан бөгөөд эцсийн эцэст ялалт байгуулахад нь тусалж чадах улс төрийн хүчнүүдийг өөрийнхөө эргэн тойронд нэгтгэж чадаагүй юм. 

Ингэснээр сонгогчид АН-д илт дургүйцэн хандах болсон нь тус намд нэр хүнд муутай ерөнхийлөгчөөс гадна өөр ноцтой асуудлууд хуримтлагдсан болохыг харууллаа.





Эх сурвалж: ВВС  


Орчуулж, бэлтгэсэн Б.Адъяахүү