Туркийн хөл бөмбөгийн “Бешикташ” ба Израилын “Маккаби” багуудын тоглолтыг энэ сарын 28-ны өдөр Унгарын Дебрецен хотод үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай Туркийн клуб мэдэгджээ.
Хуваарь ёсоор уг тоглолт тухайн өдөр Истанбул хотод болох ёстой байсан боловч УЕФА өөр улсын талбайд хийхээр шийдвэрлэсэн байна.
“УЕФА-гийн Европын Лигийн тэмцээний тоглолт 28-ны өдөр Унгарын Дебрецен хотын Nagyerdei цэнгэлдэх хүрээлэнд үзэгчидгүйгээр явагдана” гэж Туркийн клубын мэдээнд дурджээ. Мөн нутаг дэвсгэртээ тоглолтыг зохион байгуулахыг зөвшөөрсөн цорын ганц улс бол Унгар гэдгийг мэдээнд онцолсон байна. “Үзэгчидтэй тоглолт хийхээр тохиролцоод байсан боловч “Аякс”, “Маккаби” клубүүдийн тоглолтын дараа гарсан хэрэг явдлаас үүдэн Унгарын орон нутгийн эрх баригчид үүнийг зөвшөөрөөгүй” гэж “Бешикташ” клуб мэдэгдээд 28-нд болох тоглолтод ирэхгүй байхыг хөгжөөн дэмжигчиддээ хандан уриалжээ.
Өмнө нь, энэ намрын эхээр Европын Лигийн тэмцээний хүрээнд Истанбулын сагсан бөмбөгийн “Фенербахче” баг ба Тель-Авивын “Маккаби” багийн тоглолтыг Литвийн Каунас хотод зохион байгуулсан бол Европын цомын “Бешикташ”, Тель-Авивын “Хапоэл” багуудын тоглолт Белградад болж байв.
“Маккаби” ба Нидерландын Аякс багуудын тоглолт Амстердам хотод болсны дараа 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Израилын хөгжөөн дэмжигчдийн эсрэг хэд хэдэн халдлага гарсан юм. Мөн тус хотын зарим дүүрэгт Палестиныг дэмждэг жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0