sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ.


Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.


Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.  


Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ.


Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.