Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын хөлбөмбөгчин Неймар Азийн аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтын үеэр дахин гэмтэл авчээ. Тэрбээр хүнд бэртлийн улмаас жил гаруйн хугацаанд талбайд гараагүй байсан юм.
Даваа гарагт “Аль-Хилал” баг өөрийн талбайд Ираны "Эстеглал" багийг 3:0 харьцаагаар ил давамгай хожсон байна. Тоглолтын 58 дахь минутанд Неймар сэлгээгээр орж ирсэн боловч удалгүй хөлөндөө бэртэл авч, талбайг орхихоос аргагүйд хүрчээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард тэрбээр ДАШТ-2026-ын урьдчилсан шатанд Уругвайн шигшээтэй хийсэн тоглолтын үеэр бэртэл авч, "өвдөгний үений хэрээс хэлбэрийн холбоос гэмтэж, мөгөөрсөн жийрэг урагдсан" гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм.
Үүнтэй холбогдуулан “Аль-Хилал”-ын ахлах дасгалжуулагч Жорже Жезуш хэлэхдээ, бразил довтлогч 2025 оны нэгдүгээр сараас нааш талбайд дахин гарахгүй гэж байв.
Харин өнгөрсөн есдүгээр сард Неймар багийнхантайгаа хамт бэлтгэлдээ гарсан бөгөөд 10 дугаар сарын 21-нд Азийн аваргуудын лигийн тэмцээнд АНЭУ-ын “Аль-Айн” багтай хийсэн тоглолтын 77 дахь минутанд талбайд сэлгээгээр гарч тоглосон байна. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснийхээ дараа Неймар хоёр тоглолтын нийт 42 минутын турш талбайд гарч тогложээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Неимар одоо бие бодсон нь дээр иx гэмтэж мэдэxээр тоглодог xүн шүү дээ, залуудаа бол босоод ирдэг байсан одоо болиx xэрэгтэй
dandaa l unaj tusaj yavdag