sonin.mn

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /NHK/. Умард Солонгос ойрын зайн тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасан гэж Японы Батлан ​​хамгаалах яам мэдэгдээд, эдгээр пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж үзэж байна.


Тус яамны мэдээлснээр, пуужингуудыг өнөө өглөөний 7:30 цагаас эхлэн ойролцоогоор 9 минутын турш харвасан бөгөөд Умард Солонгосын баруун эргийн орчмоос зүүн хойд зүгт хөөргөжээ.


Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлснээр, Умард Солонгосын баруун өмнөд хэсгийн Умард Хванхэ мужийн Саривон хотын ойролцоогоос пуужингуудыг харвасан байна. Эдгээр бүх пуужин Япон тэнгист, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан хэмээн үзэж байна гэж Японы Батлан ​​хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ. 


Холбогдох албаныхны тооцоолсноор, пуужингуудын долоо нь дээд тал нь 100 км өндөрт хүрч, 400 орчим км зайд ниссэн байна. Хөлөг онгоцууд, нисэх онгоцуудад ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл алга байна. 


Умард Солонгос өнгөрсөн пүрэв гарагт тив алгасагч баллистик пуужингийн хамгийн сүүлийн үеийн загвараа туршсан гэж мэдэгдсэн юм. Мягмар гаргийн туршилтыг хийснээр Пёньян энэ он гарсаар 13 дахь удаагаа баллистик пуужин эсвэл баллистик байх магадлалтай пуужин харважээ. Японы Батлан ​​хамгаалах яам Умард Солонгосын алхмуудыг ажиглахын зэрэгцээ мэдээлэл цуглуулж байгаа ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг