НХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 1-ний үдээс хойш Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь захирагчаар сонгогдсон Цэнь Хаохүй-г хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Цэнь Хаохүй-д БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн зургаа дахь захирагчаар томилсон тухай төрийн зөвлөлийн 794 дүгээр тоот тушаалыг гардуулсан байна.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Та онцгой бүсийн захирагчийн сонгуульд өндөр санал авч сонгогдсон нь Макао дахь нийгмийн өргөн хүрээний хүлээн зөвшөөрөлт, дэмжлэгийг олсон болохыг харуулж байна. Төв Засгийн газар таныг бүрэн дэмжиж, бүрэн итгэл хүлээлгэж байна.
“Нэг улс, хоёр систем” нь улс үндэстний үндсэн ашиг сонирхолд нийцсэн, мөн Макаогийн үндсэн эрх ашигт нийцсэн сайн систем юм. Макао эх орондоо буцаж ирснээс хойш 25 жилийн хугацаанд засаг захиргааны онцгой бүсийн захиргаа болон нийгмийн олон салбарынхны тууштай тэмцлийн үр дүнд өвөрмөц онцлогтой "Нэг улс, хоёр систем" бодлогын практик нь дэлхийд гайхагдах амжилтад хүрсэн бөгөөд Үндсэн хууль болон Макаогийн тулгар хуулиар тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн конституцийн дэг журам бат бөх тогтож, Макаогийн бүхий л салбарын ажил урагшилж, олон улсын нөлөө нь илт дээшилсэн юм.
Бид цаашид “Нэг улс, хоёр систем”, “Макаочууд Макаог удирдах”, өндөр түвшний бие даасан байдлын зарчмыг бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хэрэгжүүлнэ. Онцгой бүсийн шинээр томилогдсон захиргааг удирдан, нийгмийн бүхий л салбартай нягт нэгдэн, зөв чиглэлийг баримтлан, бүтээлчээр ажиллаж, зоригтой урагшлан, Макаогийн өвөрмөц онцлогтой “Нэг улс, хоёр систем”-ийн шинэ практикийг тасралтгүй урагшлуулж, хүчирхэг улсын бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0