Хүн төрөлхтөн ойролцоогоор 5.3 сая жилийн тэртээ үүсэж, урт замыг туулан өнөө үед ирсэн гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх билээ. Гэтэл бид ердөө сүүлийн 2500 жилийн түхийг л үлгэн салган бичиж, тэмдэглэжээ. Гэтэл бид өөрсдийн түүхийн хамгийн урт хугацаагаа палеолитын үед өнгөрсөн бөгөөд эл үед хүн алгуур байдлаар өндөр хөгжилд хөгжиж чадсан байдаг. Палеолит гэдэг үг нь эртний грекийн “палайос”-(хуучин), “литос”-(чулуу) гэсэн үгнээс гаралтай. Энэхүү үеийг манай орны археологийн шинжлэх ухаанд “Хуучин чулуун зэвсгийн үе” хэмээн нэрлэдэг. Тус үе нь манай оронд одоогоос 800,000-12,000 жилийн өмнө үргэлжилсэн бөгөөд үүнийг чулуун зэвсэг үйлдвэрлэх арга технологиор нь доод, дунд, дээд хэмээн хуваадаг.
Доод палеолит (800,000-100,000): Палеолитын доод үеийг монголд ойролцоогоор 1,000,000-800,000 жилийн өмнө эхэлснийг эрдэмтэн, судлаачид Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй болон Баян-Овоо сумын Нарийн голын хөндийгөөс олсон бууц, суурингийн судалгаан дээр тулгуурлан тогтоосон. Энэ үед Монгол нутагт зөөлөн дулаан уур амьсгалтай, хүн амьдрахад нэн таатай байжээ.
Доод палеолитын үеийн бууц, суурингууд Баянхонгор аймгийн Баянлиг болон Өлзийт сумын Цагаан агуй, Нарийн Гол, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Ховд аймгийн Алтай сумын Барлагийн гол, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, мөн аймгийн Хулд сумын төвийн дэргэд, Дэлгэрцогт сумын Ёроол говь, Дорноговь аймгийн Сайншанд зэрэг газраас олджээ.
Эдгээр бууц, суурингуудаас нэг чулууг нөгөөгөөр цохин залтас авч байсан үлдэц чулуу, мөн хоёр талаас нь зассан үзүүр мэс зэрэг тэр үеийн хүний ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан чулуун зэвсэг элбэг олддог нь эртний хүмүүс доод палеолитын үеэс эхлэн тодорхой хэлбэр дүрс, үүрэгтэй хөдөлмөрийн багаж зэвсгийг хийж сурсныг гэрчилнэ. Эртний хүмүүс ихэвчлэн хайрган зэвсэг болох чоппер, чоппинг, гилбэр мэсийг үйлдвэрлэдэг байжээ. Чопперыг хийхдээ зөвхөн нэг талаас нь хагалж хурц ирмэг ир гарган хийдэг байсан бол чоппингыг хоёр талаас нь хагалж хийнэ. Харин гилбэр зэвсгийг том хайрга, зарим тохиолдолд баргил залтсаар хийдэг байв. Энэ зэвсэг нь хоёр талаас нь хагалж зассан, гонзгой хэлбэртэй, нэг үзүүрийг нь шовх үзүүрлэж харин нөгөө үзүүрийг нь хүний гарт багтахаар засаж бэлтгэсэн зэвсэг юм. Доод палеолитын үед Монгол нутагт амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь дэлхийн бусад нутагт амьдарч байсан хүнийхтэй адил бөгөөд эртний хүмүүс энэхүү чулуун зэвсгийг цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг зорилгоор ашиглаж байжээ. Эл үед эртний хүний гавлын яс нь хавтгайдуу, дух нь налуу, хөмсөгний яс товгор, эрүү нь дугуй мичин хүнээс бүрэн салаагүй байв.
Хүний хөгжил дорой эл үед хүмүүс олзворлох, түүвэрлэх аж ахуйн зэрэгцээ ан ав хийх болсон нь эртний хүмүүс зайлшгүй хамтран ажиллах шалтгаан болсон. Энэхүү хамтын ажиллагаа нь яваандаа нийгмийн байгууллагын өмнөх хэлбэр болох хамтлагаараа амьдрах хэлбэр болон өөрчлөгджээ.
Дунд палеолит (100,000-40,000): Палеолитын дунд үед манай оронд мөстлөгийн үе тохиожээ. Гэсэн хэдий ч монголд мөстлөг нь зөвхөн өндөр нуруудаар хязгаарлагдаж байв. Тодруулбал Монгол Алтай, Хангайн нурууны салбар уулс, Хөвсгөл, Хэнтийн уулсын өндөрлөг хэсгээр л мөстлөг тохиожээ. Харин бусад нам дор, тал хээрийн нутгаараа хуурай, сэрүүн уур амьсгалтай байв. Тухайн үеийн байгаль цаг уурын нөхцөл эртний хүний амьдралд багагүй нөлөө үзүүлж байсан. Эртний хүмүүс байгаль цаг уурын бэрхшээлийг давахын төлөө хөдөлмөрлөж, хамтлагаараа амьдрахын зэрэгцээ амьтдын арьсаар дулаан хувцас хийж өмсөн, гал гаргаж, ан ав хийж мөн оромж сууц барьж амьдрах болсон байна. Палеолитын дунд үеийг доод үетэй харьцуулахад чулуун зэвсэг улам нарийн хийцтэй болж сайжирсан. Доод палеолитын үед нэг чулууг нөгөөгөөр цохиж, хагачих аргаар зэвсэг хийдэг байсан бол дунд палеолитын үеэс чулууг цуулах шинэ оньсон аргыг бий болгожээ. Энэ үед Монгол нутагт чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хоёр үндсэн арга зонхилж байсан. Тэдгээрийг леваллуан болон шүдэлсэн мустьен үйлдвэрлэлийн арга хэмээн нэрлэдэг. Дунд палеолитын үндсэн зэвсэг нь таргил үлдэцнээс өргөн залтас цуулан авч түүний ирмэгийг нь дахин засаж хийсэн хурц ирмэгтэй гурвалжин мэс, нимгэн мэс зэрэг юм.
Тус хурц ирмэгтэй гурвалжин мэсийг хутганы зориулалтаар, нимгэн мэсийг мод, ясанд суулгаж жад маягаар хэрэглэж байснаас гадна арьс шир янзлах мөн мод, ясан эдлэл хийхэд голчлон ашиглаж байсан байна.
Уг үйлдвэрлэлийн аргаар хийсэн олдворууд нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг Олон нуур-1, Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Барлагийн гол-1, Орог нуур 1-2, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон-1 зэрэг газраас олджээ. Мөн Монгол орны дунд палеолитын үед холбогдох томоохон дурсгалын нэг нь хэдэн арван мянган жилийн турш эртний хүмүүс суурьшин амьдарч байсан 12 км урт, 8 км өргөн талбайд улаан хас чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэж байсан Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц Богдын нурууны зүүн үзүүрт орших дарханы газар юм. Дунд палеолитын үед эртний хүмүүс гал гаргаж сурсан явдал нь энэ үеийн хүний хөгжилд хамгийн чухал түлхэц болсон. Галыг ийнхүү зохиомлоор гарган уураг, өөх тос элбэгтэй том амьтдын махыг галд ямар нэг хэмжээгээр болгон иддэг болсон явдал нь хүний бие бялдрын өсөлтийг түргэтгэж, амьдралын бүхий л үйл ажиллагааг дээшлүүлэхэд чухал түлхэц болсон байна. Мөн тус үеэс эртний хүмүүс хүйсээр хөдөлмөрлөх явдал улам эрчимтэй болсон гэж зарим эрдэмтэд үздэг.
Дээд палеолит (40,000-12,000): Палеолитын дээд үед Монгол орны байгаль цаг уурт томоохон өөрчлөлт гарчээ. Эл үед мөстлөгийн үе дуусаж хур тунадас эрс багассан ч огцом дулаарснаар томоохон уул нуруудад тогтоод байсан цас хайлж улмаар одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг гол мөрнүүд орчин үеийн голдиролдоо орсон нь эртний хүмүүсийг зүүн тийш нүүдэллэх шалтгаан болсон. Энэ үеийн хүний амьдралын ул мөр, бууц, суурин болон чулуун зэвсгүүд манай орны өнцөг булан бүрд түгээмэл олддог. Тухайлбал Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Мойлтын ам, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хад, Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Их Булган, Улаанбаатар хотын ойролцоох Сонгино уул, Буянт-Ухаа, Архангай аймгийн Цэцэрлэг хотын орчим, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав Дөрөлж-1, 2, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг Монгол Алтайн нурууны салбар Ховд-14, Баяннуур-13, Манхан-5, Бугат-2, Алтай-1 зэрэг дурсгалт газруудаас илэрсэн байна.
Дээд палеолитын үед хүмүүсийн чулуун зэвсгийн чанар, хийц сайжирч, мод болон ясан бариултай болж хөгжсөн ба ан ав хийх, загасчлах зорилгоор ашиглагддаг жад, шовх ялтсан хутга зэвсэг хийх чадвар нь өмнөх үеүдтэй харьцуулахад илүү боловсронгуй болж хөгжжээ.
Палеолитын дээд шатанд хүн ийнхүү олон төрлийн зэвсэг болон багаж хийж, эзэмших болсон нь түүний амь зуух үндсэн аргын нэг ан агналтыг улам хялбар болгож, тодорхой газарт хүмүүс удаан хугацаагаар оршин суух боломжийг бий болгож өгчээ. Үүний жишээ нь дээд палеолитоос, мезолитын үеийг дуустал ойролцоогоор 20,000 гаруй жил хүн тасралтгүй оршин сууж байсан олон соёлт давхарга бүхий Мойлтын ам, Рашаан хадны сууринууд юм. Ийнхүү хүмүүс нэг дор урт хугацаагаар бөөгнөрөн амьдрах болсон нь нийгмийн анхны байгуулал болох эхийн эрхт овгийг бий болжээ. Овог ийнхүү үүсэн бий болоход нэгдүгээрт, үр хүүхдээ өсгөх, орон гэрээ сахих зэрэг үйлийг эмэгтэйчүүд голчлон хийдэг байсантай, хоёрдугаарт, тухайн үед хүмүүс бүлгээрээ гэр бүл болдог байсан учраас үр хүүхдүүд өөрийн эцгийг бус эхийн талаа баримталдаг байснаас эхийн эрхт ёс бий болсон байна. Мөн эл үеэс эхлэн эртний хүмүүсийн бүтээлч сэтгэхүй ихээхэн дээшилж хадны зураг зурж, гар урлал, гоёл чимэглэлийн зүйл хийхийн зэрэгцээ урлаг, шүтлэг анх үүссэн хэмээн судлаачид үздэг. Дээд палеолитын үед хүний бие бялдарт томоохон өөрчлөлтүүд гарсан.
Тодруулбал хүний гавлын яс томорч дух өндөрсөж ирснээр мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгор арилжээ. Мөн хэл ярианы аппарат өөрчлөгдсөнтэй холбоотой эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн буюу хомо сапенс бий болсон. Хүний хөгжил цэцэглэв.
Шүтлэг үүссэн нь: Эртний хүмүүс дээд палеолитын үеэс эхлэн хана болон хаданд ан амьтдыг ихээхэн дүрслэх болсон. Судлаачдын үзэж буйгаар эртний хүмүүс ан амьтдыг хана болон хаданд дүрслэх болсон шалтгаан нь тухайн дүрсэлж буй ан амьтад нь ямар нэгэн ер бусын хүч чадалтай хэмээн итгэн шүтдэг байсантай. Аль эсвэл ан авд гарахын өмнө ямар нэгэн дом маягийн зан үйл хийдэг байсантай холбоотой байна.
Урлаг: Дээд палеолитын үед эртний хүмүүс хана болон хаданд шүтлэг, аж ахуйгаа зурах болсон нь урлагийн хамгийн анхны үүсэл юм. Тэдний нийтлэг сэдэв нь ан амьтан, ургамал болон дүрс тэмдэг байв. Харин дүрийн хувьд харилцан адилгүй байдаг ч ихэвчлэн адуу, үхэр, арслан заан, аргаль зэрэг амьтдыг дүрсэлжээ. Монголын палеолитын үеийн хадны зургийг зурах аргаар нь зосон ба сийлмэл зураг гэж ангилдаг.
Хадны зураг: Зосон зургийг зурахдаа палеолитын үеийн хүмүүс улаан хүрэн зосыг агнасан араатан амьтдынхаа өөхтэй хольж хаданд зурдаг байжээ. Манай орны хувьд палеолитын үед хамаарах хадны зосон зургийн дурсгал нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйд байдаг. Энэ агуйг судлаачид шинжилж дээд палеолитын үед буюу 20,000-15,000 жилийн өмнө холбогдохыг тогтоосон. Энэхүү агуйд буга, одос үхэр, арслан заан, тэмээн хяруул, аргаль, янгир зэрэг нийт 77 амьтныг дүрсэлжээ. Дээд палеолитын үед монгол нутаг дахь эртний хүмүүс зосон будгаар хадны зургийг зурахдаа амьтны дүрсийг хар болон улаан шаргал өнгөөр ялган зурдаг байжээ.
Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг нь дүрслэл, арга, зохиомж сэлтээрээ Азийн төдийгүй дэлхий дахины палеолитын үед хамаарах чухал ач холбогдолтой дурсгал юм. Хадны сийлмэл зураг нь ямар нэгэн тусгай багажийг ашиглан агуйн хана болон хаданд сийлэн зурсан зургийг хэлнэ.
Дээд палеолитын үеийн сийлмэл зургууд нь Увс аймгийн Сагил сумын Хар үзүүр, Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгой, Буянт сумын Чандмань хар үзүүр, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад зэрэг газраас, мөн Баруун Европ болон Евразийн газар нутгаас олджээ. Дурдаж буй газруудын дээд палеолитын үеийн зургууд дүр дүрслэл, арга техникийн хувьд хөрш зэргэлдээ болон бусад орны зургуудтай адил байгаа нь Төв Ази тэр тусмаа Монгол орон нь дээд палеолитын үеийн зургийн өлгий нутаг гэдгийг баталдаг.
Гар урлал: Палеолитын үеийн хамгийн эртний гар урлалын дурсгал нь Франц Улсын Ориньяк агуйнаас олджээ. Тухайн агуйнаас палеолитын үед хамаарах чулуу, зааны соёо, шавраар хийсэн эмэгтэй хүний баримал олдсон. Тус олдворыг Венера хэмээн нэрлэдэг. Энэ олдвор нь 20,000–10,000 орчим жилийн өмнөх үед хамаардаг. Үүнтэй төстэй олдворууд Франц, Итали, Австри, Чех, Оросын палеолитын сууринаас мөн олджээ. Манай орноос ч мөн палеолитын үед холбогдох гоёл чимэглэлийн зүйлс олдсон. Энэ нь тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн зүүлт юм. Энэ төрлийн зүүлт одоогоор Эгийн голын хөндий дэх Дөрөлж болон Сэлэнгэ мөрний дунд урсгал орчмын Төлбөрийн голын дурсгал, Говь-Алтайн нурууны Чихэн агуй, Орхоны голын хөндийн Мойлтын амны дурсгал, Дорнод тал хээрийн бүсийн Зараа уул зэрэг сууринаас олдоод байна.
Мөстлөгийн үеийн цаг хугацааг яаж тогтоодог вэ?
Цаг уурчид олон жилийн явцад далайн ёроолд үүсэн бий болсон давхаргуудыг судлах замаар цаг уур хэрхэн өөрчлөгдөж ирснийг олж мэдэх гэж оролддог. Фораминифера зэрэг тэнгисийн бяцхан амьтад нь далайн уснаас дулаан үед 16О, хүйтэн үед 18О хэмээх хоёр төрлийн хүчилтөрөгчийг өөртөө шингээж авдаг. Цаг уур судалж далайн ёроолыг өрөмдөн тус амьтны тунамлыг судална 16О, 18О-гийн харьцаа хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоох замаар дэлхийн цаг уур хэрхэн өөрчлөгдөж ирснийг олж мэддэг ажээ.
О.ДАШНЯМ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл4
Чулуун зэвсгийн үеэр аялаад ирсэн мэт,,, сонин сайхан нийтлэл уншисандаа ихэд олзуурхан,,,,баярлалаа,,,,О.ДАШНЯМ танд их баярлалаа,,,дахин ийм сонин сайхан нийтлэл бичээрэй,,,хүлээж суунаааа,,,
,Шинэ чулуун зэвсгийн үёд сайхан байжээ ямар ч түгжрэл утаа униар үнийн өсөлт байхгүй сайхан байжээ ! Ингэхэд ардчилсан намаас Сэлэнгийн агуйгаас сонгогдож байсан Д Эрдэнэбат гишүүн хаана явдаг юм бол до !
Манын сүргээс гарсан бичин хүн шүү тэр чинь
Хүн буюу хомо сапиэнс бий болоод 100-120 мянган жил болсон. 800К жилийн өмнө хадан дээр юм зурсан хүн гээд байгаа нь хомо эрэтикус, өнөөгийн хүн биш. Энэ бол антродологийн биш палентологийн судалгаа. Хүний түүхтэй огт холбоогүй. Ийм байдлаар эрт галавын динзаварыг хүний түүхтэй, аягүй бол монгол хүний түүхтэй холбож тайлбарлаад байж болохгүй. Хомо сапиэнсийн үлдээсэн анхны хадны чулуу одоо олдсоноор Испанид буй хадны зураг, Монгол нутагт Ховдод буй Цэнхэрийн агуйн сүг зураг.