sonin.mn

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Батлан хамгаалах салбарын төсөвтэй холбоотой асуудлаар салбарын сайд нь гишүүдийн асуултад хариуллаа. 

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:  


-Улс орон төсвийнхөө хэдэн хувийг батлан хамгаалах салбарт хуваарилдаг вэ. Монгол Улс хаана явна. Хоёрдугаарт, цэрэгт явах сонирхолтой залуус байхгүй болсон. Яаж ийгээд мултрах үзэл бодолтой болсон.  Цэргийн анги салбарын орчин нөхцөл нь тааруу. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?


Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:


-Батлан хамгаалах салбарын төсөв бусад салбараас бага тавигддаг уламжлалттай юм байна. Дэлхийн геополитик амаргүй хүнд байгаа. Тийм ч учраас дэлхийн бүх улс орон батлан хамгаалах салбарт зарцуулах төсвөө нэмэгдүүлж байгаа. Судалгаа хийж үзэхэд, манайхтай ижил цөөн хүн амтай, томоохон гүрнүүдтэй хиллэдэг Латви, Литви, Гүрж, Израйль зэрэг орнууд хамгийн багадаа ДНБ-ийнхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бол дээд тал нь 10-15 хувийг зарцуулдаг. Манай улсын хувьд ДНБ-ийнхээ 0.6-0.7 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа. Энэ нь хамгийн өндөр оронтой харьцуулахад 20 дахин бага, хамгийн бага төсөв зарцуулж байгаа улстай харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа төсөв дөрөв дахин бага байгаа. 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байсан бол Батлан хамгаалах сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь 20 дахин бага. 2025 онд Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж байж, хөрөнгө оруулалтаа бага зэрэг нэмэгдүүлсэн. Цаашдаа бидэнд тулгамдсан олон асуудал бий. Цэргийн албан хаагч нар маань энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, орлого олдог. Ингэснээр орон байрны урьдчилгааныхаа 50 орчим сая төгрөгийн асуудлаа шийддэг. Зэвсэгт хүчний хөгжлийн санд тодорхой хэмжээний мөнгө ордог. Энхийг сахиулах ажиллагаанд ашиглаж байгаа зэвсэг техник нь хуучирчихсан, НҮБ-аас оролцуулахгүй байх шаардлага тавьж байгаа. Тийм болохоор зэвсэг техникээ сайжруулж НҮБ-аас олдог орлогоо нэмэгдүүлэх шаардлага байна.Хоёрдугаарт, залуус хугацаат цэргийн алба хаах сонирхол маш их буурч байгаа. Үүнийг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн эрдэмд суралцахаас гадна ажил амьдрал дээр гарахад амжиргааны орлогоо залгуулчих чадвартай болчихоосой гэдэг үүднээс англи хэл, компьютерын анх шатны мэдлэгтэй болгох, жолооны курст суралцах боломж бүрдүүлэх зэргээр анхаарч тодорхой ажил төлөвлөж байна


УИХ-ын гишүүн Э.Болормаа:


-Энэ жилийн төсөв зардлын өсөлтөөрөө 110 хувиар нийтдээ 220 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэсэг нь эд хогшил, урсгал засварын зардал гэсэн хэсэг байна. Тэгэхээр Батлан хамгаалах яам жолооны курс ажиллуулна гэсэн үг үү. Батлан хамгаалах яам англи хэлний багш авна гэсэн үг үү. Энийг гүйцэтгүүлэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хувийн хэвшлээ татан оролцуулах боломжийг харж байгаа юу, 20 тэрбум төгрөгөөр Батлан хамгаалах яам машин аваад жолооны курс ажиллуулах юм уу.


Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:


-Хугацаат цэргийн албан хаагчдыг англи хэлний болон компьютерын анхан шатны мэдлэгтэй, жолооны үнэмлэхтэй болгоход дотоод нөөц бололцоогоо ашиглана. Зэвсэгт хүчний анги нэгтгэлд ажиллаж байгаа цэргийн албан хаагч нар энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Хэлний бэлтгэлд сурдаг, хэл сурдаг. Хэлтэй боловсон хүчин байна. Үндэсний батлан хамгаалах их сургуульд англи хэлтэй боловсон хүчин бэлтгэдэг. Гурван цэргийн анги дээр тусгайлсан зориулалтын англи хэлний анхан, дунд, гүнзгийрүүлсэн дамжаа хичээллүүлж байгаа. Энд бэлдэж байгаа боловсон хүчнүүдээрээ англи хэлний сургалт хийнэ.Компьютерын анхан шатны мэдлэг олгох сургалтыг Үндэсний батлан хамгаалах их сургууль болон бусад офицер ахлагч нарын мэргэжлийн хүмүүсээр сургах бодлого барина. Жолооны курс, жолоочийн тухайд урьд нь шийдээд явж байсан туршлага бий. Хугацаат цэргийн албан хаагчийн ар гэр нь зөвшөөрвөл тодорхой төлбөр гаргаж, жолооны курст бэлтгэж байсан жишиг туршлага бий. Үүнийгээ үргэлжлүүлээд хувийн жолооны курстэй хамтарч, ажиллана. хуучин ангиуд дээрээ жолооч бэлтгэнэ.





Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин