sonin.mn

КАЗАНЬ, 2024 оны аравдугаар сарын 23 /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Казань хотод хүрэлцэн ирсэн тухай Татарстаны Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэв.




Нисэх онгоцны буудалд түүнийг Бүгд Найрамдах Татарстан Улсын Төрийн Зөвлөлийн дарга Фарид Мухаметшин угтан авсан байна. А.Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй пүрэв гарагт уулзах бөгөөд тэрбээр Украины хямралын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 




БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Казань хотноо болж байна. Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бөгөөд 2010 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, АНЭУ, Саудын Араб, Этиоп улсууд тус бүлгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Казань хотноо болж буй дээд хэмжээний уулзалт нь шинэ гишүүд оролцож буй анхны уулзалт болж буй юм. Энэ удаагийн уулзалтад 30 гаруй орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамапоса нар Казань хотноо хүрэлцэн ирээд байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг