sonin.mn

БЕРЛИН, 2024 оны аравдугаар сарын 24 /DW/. Германд төрөлтийн түвшин огцом буурсныг тус улсын Эдийн засгийн судалгааны Ifo хүрээлэнгээс лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа. Германы зүүн нутгийн мужуудад энэ үзүүлэлт хамгийн их буурчээ.


Эдийн засгийн судалгааны чиглэлээр тэргүүлэгч тус төвийн судлаачид төрөлт буурч байгааг "COVID-19" цар тахал, Украины дайн зэрэг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарласан байна.


Мөн инфляцын түвшин өндөр байгаа нь “залуу гэр бүлүүдийг хүүхэдтэй болохоо түр хугацаагаар хойшлуулахад хүргэж байна” гэж Ifo-гийн судлаач Йоахим Рагниц ярилаа.Тодруулбал, 2022, 2023 онд урьдчилан таамаглаж байснаас ойролцоогоор 80 мянгаар цөөн хүүхэд төрсөн гэж тэрбээр хэлжээ. Й.Рагниц бол Германы зүүн нутгийг хариуцсан хүн ам зүйн өөрчлөлтийн мэргэжилтэн юм. Түүний хэлснээр, сүүлийн гурван жилд төрөлтийн түвшин асар их өөрчлөгдсөн байна. Төрөлтийн түвшин бол эмэгтэй хүний ​​амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо юм. 2021 онд нэг эмэгтэйд 1.58 хүүхэд ногдож байсан бол одоо 1.35 болж буурчээ. 


Улсын хэмжээнд 2023 онд 693 мянган хүүхэд шинээр мэндэлсэн нь 2021 онд төрсөн хүүхдүүдээс 13 орчим хувиар бага байсан бол зүүн нутгийн мужуудад төрөлт 17.5 хувиар буурчээ.


Гэр бүл төлөвлөлтөд байнгын эсвэл түр зуурын өөрчлөлт орсон эсэхийг одоогоор мэдэх боломжгүй байна гэж судлаачид хэлсэн байна. 2011-2016 онуудад Германд төрөлтийн түвшин 1.39-аас 1.59 болж өсөж байсан нь зарим талаар хүүхэдтэй гэр бүлүүдийн нөхцөл сайжирсан, мөн олон хүүхэд төрүүлдэг цагаач гэр бүлүүд ирсэнтэй холбоотой байв.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг