sonin.mn

ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 24 /VOA/. Их Британи, Герман улсууд лхагва гарагт батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад цэргийн сургууль хийхэд хамтран ажиллах үүрэг хүлээлээ. Түүнчлэн Украины дайн улам хурцдаж болзошгүй байгаа энэ үед Европын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Уг гэрээнд талууд одоо байгаа пуужингийн системүүдээс, тодруулбал, Их Британиас Украинд нийлүүлсэн “Storm Shadow” системээс илүү өндөр нарийвчлалтай, холын тусгалтай шинэ зэвсэг бүтээх талаар тусгасан байна. 

Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили мэдэгдэхдээ, талуудын гарын үсэг зурсан гэрээ нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны анхны бүрэн хэмжээний хэлэлцээр болж байгааг онцлон тэмдэглэв.




Гэрээний нөхцөлийн дагуу, Германы тал Атлантын далайн хойд хэсгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн тулд Шотландад нисэх онгоцуудаа байрлуулах ажээ. Талууд мөн цэргийн тээврийн хэрэгслүүд болон нисгэгчгүй онгоцууд үйлдвэрлэхэд, түүнчлэн Германы “Sea King” нисдэг тэргийг орчин үеийн пуужингийн системээр тоноглоход хамтран ажиллана. 




Герман, Европ дахь цэргийн техник, зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох “Rheinmetall” компани шинэ үйлдвэр байгуулж, 400 ажлын байрыг шинээр бий болгох бөгөөд 10 жилийн хугацаанд Их Британид их бууны гол төмөр үйлдвэрлэгч анхны компани болох аж. 

Европын холбоотнууд Европын аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой гэж Ж.Хили онцлон тэмдэглээд, Их Британи улс "НАТО хамгийн түрүүнд" гэдэг зарчмыг баримталж байгааг дурджээ. "Илүү аюултай болж буй дэлхий ертөнцөд холбоотнууд бол бидний стратегийн хүч бөгөөд бид хамтдаа илүү ихийг хийх ёстой" гэж Их Британийн сайд хэлсэн байна. 

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэхдээ, хоёр талын аюулгүй байдлын асуудлаар Их Британи, Герман улсуудын аль алинтай нь гэрээ байгуулаад байгаа Франц улс эл шинэ гэрээг дэмжиж байгааг онцолсон байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг