sonin.mn

АНКАРА, 2024 оны аравдугаар сарын 24 /Anadolu/. Туркийн нийслэл Анкара хот дахь төрийн мэдлийн “Turkish Aerospace Industries” компанийн байгууламжуудыг онилон террорист халдлага үйлдсэний улмаас энгийн иргэд амь эрсэдсэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эмгэнэл илэрхийлжээ.


“Бид холбогдох мэдээллийг хүлээж байгаа бөгөөд энгийн иргэд амь эрсэдсэн энэ халдлагыг зэмлэн буруушааж байна. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст бүрэн эдгэрэхийг хүсье” гэж А.Гутерришийн нэрийн өмнөөс НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгдсэн байна.


Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдэгджээ. Тэрбээр хоёр террористыг аюулгүй болгосон гэдгийг нэмж дурдаад, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг олон нийтэд уриалжээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн, гал сөнөөгчид, эмнэлгийн ажилтнуудыг халдлага болсон газар луу илгээсэн байна. Батлан ​​хамгаалахын компанийн ажилтнуудад аюулгүй байдлын үүднээс хоргодох байранд очих чиглэл өгсөн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ. Анкарагийн прокурорууд террорист халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг