Азербайджан Улсын Баку хотноо болсон Цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд БХЯ-ны харьяа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид оролцож, өндөр амжилт үзүүлсэн. Тус тэмцээний 79кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ О.Сүлдхүүтэй ярилцлаа.
Юуны өмнө тус тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Багаараа ч өндөр амжилт үзүүллээ шүү дээ...
-Миний хувьд Цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн анхны тэмцээн байлаа. Багаараа маш амжилттай оролцсон. Ялангуяа эмэгтэй баг нийлбэр дүнгээрээ цомын эзэд болцгоосон. Дэлхийн тодотголтой тэмцээнд оролцож хүрэл медальтай болсондоо маш их баяртай байна.
Азербайжан Улсыг зорихдоо ямар зорилго өвөртөлсөн бэ, санасандаа хүртэл тоглолт үзүүлэв үү?
-Ер нь түрүүлнэ гээд зорилгоо тодорхойлчихсон байсан. Зооны аваргын төлөө эзэн орны бөхтэй таарсан. Хамгийн хүнд учраа байсан гэж болно. Эзэн орны бөх гэдэг үг шүүлтэд нөлөөлсөн үү, яасан бол. Ямартай ч 8:7-гоор их ойрхон хожигдсон. Түрүүлэх боломж байсан гэж харж байгаа, үнэхээр харамсалтай. Бэлтгэлээ сайтар хангаж оролцсон уг нь.
Тэгвэл дараа дараагийн тэмцээнд их хурцалж байгаа байх, тийм үү?
-Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс өмнө дэлхийн аваргын тэмцээнд оролцоно гэдэг бол нэг ёсны туршлага, маш сайн бэлтгэл боллоо гэхэд буруудахгүй. Таны хэлснээр ойрхон хожигдсон болохоор өөрийгөө маш их хурцалж байгаа. Илүү их хичээнэ гэсэн эрмэлзэл ч нэмэгдсэн.
Энэ спортоор хичээллэх болсон тэр цаг үе рүү тань өнгийе, хоёулаа?
-Би 2011 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхийн спортод хөтөлж оруулсан хүн бол Дархан-Уул аймгийн Ё.Бат-Дархан багш маань юм. Дараа нь үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ Ц.Баярсайхан багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийх болсон. Мөн 2022 оны 4 дүгээр сараас “Алдар” спорт хороогоор овоглож, МУГТ Ц.Хосбаяр, Г.Мандахнаран, Б.Одончимэг багш нар маань намайг олон талаар дэмжиж байгаад баярладаг.
Багаасаа л спортод дуртай байсан. Тэр дундаас чөлөөт бөхийн спортыг их сонирхсон юм. Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар гавьяатуудыг л цэнхэр дэлгэцээр харж өссөн дөө. Өмсгөл нь тухайн тамирчны бие бялдрын хөгжлийг ч харуулдаг байсан учир энэ ах нар шигээ болно л гэж боддог байлаа. Энэ бүхэн их нөлөөлсөн.
Анх энэ спортоор хичээллэж эхлэхдээ бид олуулаа байсан. Хэд, хэдээрээ ярьж байгаад л хамт чөлөөт бөхийн дугуйланд явахаар шийдсэн ч цаг хугацааны эрхээр шигшигдэж, цөөн хэд нь үлдсэн. Үе тэнгийн 100 хүүхэд зэрэг хичээллэж эхлэлээ гэхэд тэднээс гарын таван хуруунд хүрэх үү үгүйтэй нь л энэ спортдоо үлддэг гэдэг. Бага байхад энэ спортод дурлуулах гэсэндээ багш биднийг өөр хооронд нь их тоглуулна. Бэлтгэл жигдрээд эхлэнгүүт тэмцээн уралдаанд оролцуулна. Би хичээллэж эхэлсэн жилдээ анхны медалиа ч авсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэндээ их урамшиж, бэлтгэлээ сайтар хийх нь гол юм байна гэж бодох болсон. Цаашид оролцох тэмцээний цар хүрээ ч тэлсээр байсан юм. Ингээд өсвөр үе болон залуучуудын улсын аваргад түрүүллээ. Дараа нь өсвөр үе, залуучуудын Азийн аваргын тэмцээнүүдэд оролцож амжилт үзүүлсэн. Одоо бол чөлөөт бөх миний байнгын ажил л гэсэн үг.
Тэмцээний цар хүрээ, чанар өсөн нэмэгдэх тусам сэтгэл зүйн хувьд хэр дархлаа суудаг вэ?
-Мэдээж тив, дэлхийд өрсөлдөнө гэвэл Монголоосоо л давж гарах хэрэгтэй. Монголдоо л байгаад байвал гадаад ертөнцөд миний хүрэх цэг хаана вэ гэдгээ мэдэж чадахгүй. Олон улсын тэмцээнд оролцохоор нэг талаараа ёстой л нүд нээгддэг юм байна лээ. Орон орны тамирчидтай өрсөлдөнө гэдэг олон талын туршлага хуримтлуулж, өөрийнхөө давуу болон сул чанараа тодорхойлоход их дэмтэй гэж боддог. Одоо бол тэмцээнээс тэмцээний хооронд л алдаанаасаа бага багаар суралцсаар илүү цэгцэрч, нямбай болж байна. Бас Монгол Улсаа аавынхаа нэртэй хамт дуудуулах ямар бахархалтай болохыг ч мэдэрсээр л явна даа.
Олон улсын дэвжээнд анх хэзээ гарч байв. Чухам юу бодогддог вэ тэр үед?
-2014 онд Япон Улсад зохион байгуулагдсан Олимпын 3, дэлхийн 13 удаагийн аварга, тус улсын алдарт тамирчин С.Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Нам дор газартайг эс тооцвол чийглэг агаарт нь их сайхан зохицож, бэлтгэл ч хийхэд асуудалгүй санагдсан. Харин яг тэмцээн болох үед Монгол гэдэг нэрийг гаргахгүй л бол хичээл зүтгэл минь талаар болно гэсэн эмзэглэл төрснийг нуух юун. Монгол Улсын тамирчдыг сул өрсөлдөгч гэж харуулахгүйн тулд маш их хичээж, тэр хэрээрээ үүрэг хариуцлага ч нэмэгддэг. Сүүлийн үед олон улсын тэмцээнүүдэд оролцоод медалиас мултарчхаад их гонсгор байсан л даа. Тэгсэн энэ жил насанд хүрэгчдийн Ази тивийн аваргаас медаль хүртээд магнай их тэнийсэн. Өмнө нь хэлсэнчлэн алдаагаа засаж, чамбайрч байгаагийнх биз. Одоо дутуугаа нөхөж, хийх ёстой зүйлээ ном журмаар нь хийж байгаа мэт санагдаж байна.
Бэлтгэлийг ямар хуваарьтай хийдэг вэ?
-Өдөрт дунджаар 4-5 цагийг зөвхөн бэлтгэлд зарцуулна. Ням гарагт бүтэн амардаг.
Хичээл зүтгэлээс гадна өгөгдөлтэй хүн гэж бий шүү дээ. Заавал чөлөөт гэлтгүй танай удамд бөхчүүд хэр олон бэ?
-Ер нь байдаг шүү. Аав маань барилддаг байсан. Ээж, аавын хоёулангийнх нь талд аймаг, сумын цолтойгоос гадна чөлөөт бөхөөр хичээллэж байсан хүн нэлээд олон. Одоо хамгийн идэвхтэй барилдаж байгаа нь ээжийн төрсөн дүүгийн хүүхэд аймгийн начин Дорждэрэм юм.
Чөлөөт бөхийн спортоор хичээллэж буй энэ хугацаанд танд ямар өөрчлөлт гарч, таныг хэрхэн төлөвшүүлсэн гэж боддог вэ?
-Энэ спортоос маш их хүндлэл бий болж, бие болоод сэтгэлийн тэвчээрийг олж авдаг. Мөн хүнээс үг дааж сурахаас гадна хүний зовлон жаргалыг илүүтэй ойлгож, мэдэрдэг болж байна. Ер нь аль ч спортыг дагаад хүнлэг зан чанар оршиж л байдаг юм билээ.
Таны амжилтын нэг хэсэг болсон спорт хорооныхоо талаар ярихгүй юу?
-“Алдар” бол анхны спорт хороо, маш том айл. Олон тамирчин эндээс хөдөлмөр амжилтын гараагаа эхлүүлж, тив дэлхий, олимпын тавцанд гарсан. Энэ нь “Алдар” спорт хороо тамирчдаа бүхий л талаар дэмжиж, тэднийг бэлтгэл хийх орчин нөхцөлөөр хангаж ирсний гавьяа. Үүний үр шимийг би мөн адил хүртээд л явж байна.
Ойрын зорилтоо бидэнд танилцуулж болох уу?
-Тамирчин хүний ажил, амьдрал тэмцээнээс тэмцээний хооронд өрнөдөг. Он дөнгөж гараад насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд амжилттай оролцож, түрүүлчихвэл Азийн олимп гэгддэг том наадамд, дэд байр эзэлбэл Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Дээр дурдсан хоёр тэмцээн 7 хоногийн зайтай зохион байгуулагдана. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн наадамд өрсөлдөж, цаашлаад олимпын эрхийн төлөө явах нь чухал. Тиймээс дараа дараагийн тэмцээн, том зорилгынхоо үүд хаалгыг нээхийн тулд улсын аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчилж оролцоно.
Хүүхэд наснаасаа монгол тамирчдаа харж, үлгэр дуурайл авч өссөн гэсэн. Тэгвэл яг үүн шиг дэлхийд данстай өөр орны тамирчдыг нэрлэвэл?
-Маш олон тамирчин байна. Олимпын аварга Сидаков, Ираны Садулаев гээд тоочоод байвал бий дээ. Ер нь бол голцуу өөрийн жингийнхнийгээ, өөртэйгөө ойролцоо барилдаантай алдартай тамирчдыг л хардаг даа.
Дэлхийн аварга, магадгүй олимпын дэвжээнд өрсөлдвөл хэнтэй таарахыг хүсдэг вэ?
-Энэ асуултыг маш сайхан ерөөл гэж хүлээж авлаа. Дэлхийн аваргын таних тэмдэг цэнхэр, олимпынх ногоон, Азийн аваргынх бол улаан хүрэн өнгөтэй байдаг. Энэ бүхнийг нүдэндээ их төсөөлдөг юм. Бүр зураглавал, Сидаков, Садулаев зэрэг шилдэг тамирчдыг олимпын дэвжээнд хожоод алтан медаль энгэртээ зүүгээд голд нь зогсож байна гэж төсөөлдөг л дөө. Түрүүн хэлсэнчлэн олимпын эрх авахын төлөөх тэмцээнүүд байгаа. Тэр тэмцээнүүдэд амжилт үзүүлнэ гэдэг л олимпод өрсөлдөх замын зургаа л гаргаж байгаагаас ялгаагүй.
Дарханд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэхээр тэнд хүүхэд насаа өнгөрөөсөн байх. Спортлогоос гадна ямар хүүхэд байсан гэж тодорхойлох вэ?
-Би Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. Тэгээд 5 настайдаа сургуульд орж, удалгүй Дархан хотод шилжиж ирсэн. Тухайн үед үеийнхнээсээ арай эрт сургуульд орчихсон юм билээ. Намайг авах сургуулийн багш нар энэ хүүхэд арай балчирдана, нэг улираая гэсэн хүсэлт тавьсан. Гэсэн ч би хэдий нь ээ уншиж, бичих чадвараараа үеийнхнээсээ илүү гарчихсан байж. Тэгээд "Жигүүр" цогцолбор сургуулийн захирал удирдлага үүнийг харгалзан үзэж, намайг суралцахыг зөвшөөрсөн юм. Тэгээд ангийн найзууд маань надаас ихэвчлэн 2 насаар ах байдаг байлаа.
Таны хүмүүжилд багш хүний онцлог хэрхэн тусдаг байсан гэдгийг сонирхуулахгүй юу?
-Ээж бага ангийн багш болохоор би багадаа харьцангуй эрт уншиж, бичиж сурсан хэрэг. Би их даруу, тохь томоотой хүүхэд байсан. Ахмад хүмүүсийн хэлсэн үгэнд их дуулгавартай. Түмний олон балчир үрстэй ажилладаг тул хүүхэд ямар байдгийг ээж маань маш сайн мэддэг, ойлгодог. Хүүхдийн сонирхол, мэдрэмж юу байх гэхчлэн их олон талаас нь хараад судалчихдаг юм байна лээ. Энэ арга барилаараа л намайг сургаж, хүмүүжүүлсэн гэж боддог.
Тэгвэл багш бас ээж хүний хувиар энэ спортоор хичээллэх сонголтыг тань хамгийн ихээр дэмжсээр ирсэн гэдэгт итгэлтэй байна?
-Тийм ээ. Анхнаас нь л дэмжсээр ирсэн, одоо ч тийм. Хүүхэд байхдаа тэмцээнд хожигдсоноосоо болоод шантраад ирэхэд загнаж, жавтий хүртээх нь холгүй юм болно шүү дээ. Багштай ярилцаад бэлтгэлд буцаагаад л явуулж байсан. Ээж бүх л сэтгэл зүрх, байж болох боломжоороо дэмждэг дээ. Мөн ах маань бөхөд их дуртай. Өөрөө барилддаггүй ч намайг маш сайн мэдэрч, ойлгодог. Энэ утгаараа бас их ойр байдаг.
Спортоор хичээллэхийн давуу тал мэдээж бий. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд тодорхой золиос гарз ч гардаг. Үүнийг анхлан суралцагчид маань мэдэж байхад илүүдэхгүй дээ?
-Анх сурч байхдаа бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд яваад байхаар хичээлээс ер нь бага багаар холддог. Хэдий суурь сайтай байсан ч алсуураа л хоцроод байдаг гэхэд болно. Ингээд аав ээж нэг бол хичээлээ хий, эсвэл спортоо хөө гэдэг сонголтуудыг тулгадаг. Энэ бүхнийг өөрөө зохицуулахын тулд цагийн зөв менежменттэй байвал болно байх. Цаг гаргаж, хичээл, номоо заавал нөхөж үзэх хэрэгтэй шүү дээ. Бэлтгэлээ ч, хичээлээ ч аль алиныг нь боломжоороо тасалдуулахгүй явах нь чухал. Ер нь спорт гэдэг бүхэлдээ тэвчээр. Энэ махан биеийг зовоож, бусдаас илүү хөдөлмөрлөж, нэг удаа ч болов илүү хичээж байж л амжилтад хүрнэ.
Өмнө нь хэлсэнчлэн хүчтэний өлгий Архангайн Жаргалант сумын уугуул юм байна. Энэ ч мөн их бэлгэдэл юм. Нутгийн уул ус их түшдэг биз ээ?
-Тэмцээнд явахынхаа өмнө байнга л нутгийн уул, усаа бодож, их шүншиглэдэг. Аль эртнээс л Архангай аймгаас алдар цуутай бөх олноор төрөн гарсан байдаг.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа...
-Баярлалаа. Энэ ташрамд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, Ё.Батдархан, Г.Баярсайхан, Ц.Хосбаяр, Г.Мандахнаран, Б.Одончимэг зэрэг багш дасгалжуулагч, “Хасу мегават” ХХК-ны захирал Ж.Түмэн-Аюуш, Олон улсын эрүүл мэндийн “Фохоу” корпорацын албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Ч.Үүрцайх, “Баян-Инжирт” ХХК-ны захирал Б.Мөнх-Эрдэнэ болон гэр бүл, найз нөхөд, намайг дэмждэг бүх хүнд баярлаж, талархдагаа илэрхийлье.
Ахлах дэслэгч Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл3
Садулаев хаанахынх гэнээ....?
1234
1234