Бигэрийн говирхог сайхан нутагт анх эрдмийн дөрөөнд дөрөөлж ухааны их сорилго шатрын садан болж өсч өндийсөн Н.Энхнасангийн тархи зүрхнээ ямагт өөдрөг, хийморлиг бодол санаа ундарч явдаг байхымаа. Говийн хүний хараа хурц байдаг бол бас ухаан саруул байдаг ч юм байна. Тиймдээ ч шатарчин багш Н.Энхсайхан ямагт хүний төлөө, тэр дотор бяцхан шавь нарынхаа ирээдүйг залахад бодол юугаа нэрж, ухааны ураа уралдуулж байдаг аж.
Түүний тархи, зүрхэнд нэрэгдсэн бодол нь ажил амьдралаа аз жаргалаар төлжүүлж явна. Тэндээс үсэрсэн учиртай бүхэн Мижидийн Баасанжав гэдэг айлын гал голомтыг сэргээн бадруулж байх аж. Байгаль хүнийг “цэнэглэдэг” гэдэг.
Тийм болохоор холын бараатай говийн хүний ухаан нь уужуу. Н.Энхнасангийн ярьснаар –Нутагтаа хааяа очиход аав, ижийнхээ амьдарч байхдаа амьсгалж байсан салхины исгэрээнд сэтгэл сэмэрдэг. Төрөлх нутгийн минь дотнохон дүр зураг ухааныг минь улам тэлэх шиг болдог гэсэн үг хэн бүхэнд нэгийг бодогдуулам.
Спортын хаан гэгдэх шатрын алаг хөлөг дээр дөчин жил ухаанаа тэлж яваа түүнтэй ярилцах агшин бүр л хожлын төлөө нүүдэл хийж байгаа мэт бодол төрүүлэх юм билээ. Шатар бас шатар...
Юм бүхэн домогтой түүний учир шатар хэзээ үүссэн юм бэ гэдэгт эхлээд бидний яриа чиглэсэн юм. Тэгэхлээр шатрын үүсэл хөгжлийг яг цав тогтоогоогүй ч Энэтхэг улсад манай эриний VI зууны үед үүссэн гэж түүхээс уншигддаг. Цаашид лавлах юм бол тус улсын шатранг гэдэг тоглоомоос үүдэлтэй юм гэдэг. Харин монголд дэлгэрсэн цаг хугацааг XIII, XIV зуунд Персээс бас Түвдээс орж ирсэн гэсэн бий. Нэг сонирхолтой нь 1886 оноос дэлхийд шатрын тэмцээн бий болж аваргаа тодруулж эхэлсэн байх юм. Түүн лүгээ Монголд 1948 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиосон юм байна гээд яриад байх юм бол дуусашгүй аж. Ийнхүү дэлхийд түгсэн шатар гэдэг спортыг шүтэж чадснаар Н.Энхнасан үнэ цэнтэй амьдрахын утга учрыг гүн гүнзгий ухаарсныг хэлсэн үг бүрээс нь мэдэж болохоор. Басхүү их хөдөлмөрлөж цаг заваа зарж өөрийгөө бүтээсэн хүн гэж түүнийг хэлэх гэсэн минь энэ.
Нөхөр М.Баасанжавын өмөг түшиг эрдэмтэн хүний их хөдөлмөр Н.Энхнасангийн амжилт бүтээлийнх нь эн тэнцүү хэсэг нь. М.Баасанжав магадлалын онол, математикийн ухааны Монголын цөөхөн эрдэмтний нэг. Басхүү шатрын спортын олон улсын хэмжээний мастер хүн.
Тэгэхээр тоонот гэрийн эзэд маань хос ухаанаар жигүүрлэж яваа юм байна л даа. Үүнийгээ билгэдэж одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2010 онд Хос мастер шатрын клуб байгуулжээ. Тэр клуб үйл ажиллагаа нь тун удалгүй өргөжөөд одоо шатрын академи болоод байна. Энэ академийн байр гэж нэг л сайхан намуухан орчин юм. Балчирхан охид, хөвгүүд олон. Гэхдээ жирийн сургуулийнх шиг их бужигнаж шуугисан юмгүй нь содон санагдав. Шатар эрийтэл өрсөн хоёр том танхим тун тохилог. Ухааны их өрсөлдөөн тэнд намуухан бүр намуухан болж байна. Ханан дахь самбаруудад бяцхан шавь нараа алдаршуулжээ. Бас шатрын оюун ухааны голдуу олон зуун номтой номын сантай юм. Энд голдуу шатартай холбоотой ном байгаа гэж байна лээ. Цаашлахад нэг өвөрмөц тасалгаа анхаарал татлаа. Тэнд юу байв гэвэл дан шатрын үзмэр байна. Лав 100 гаруй төрөл, хийцийн шатар байх нь. Н.Энхнасан хэлэхдээ:
-Нөхөр бид хоёр хаа явсан газраасаа л шатар цуглуулж ирдэг. Тийм болохоор олон орны шатар энд бий. Бүр эртний шатар ч байгаа гэсэн юм.
Энэ бүхэн шатрын зүтгэлтэн нэгэн бүлийнхний бүтээл. Тэнд хоёр мастерын санаж сэдсэн ажил амьдрал өдөр бүр буцалж байдаг ажээ.
Н.Энхнасан, М.Баасанжав нар тэмцээний дараа аваргуудтайгаа.
Говь-Алтай аймгийн арван жилийн дунд сургуулийн сурагч байхдаа л Н.Энхсайхан тун сайн шатарчин гэгдэх болжээ. 1972 онд аймгийн аварга тун удалгүй Монголын пионер сурагчдын дөрөвдүгээр спартикиадаар улсын аварга шатарчин болж байсан байдаг.
-Өөрөө яагаад шатрын спортыг сонгосон юм бэ? гэхэд Н.Энхнасан
-Би дэргэдээ багштай өссөн гэж хэлсэн нь содон сонсогдов. Тэр дэргэдэх багш нь хэн байсан юм бэ? гэвэл аав Ж.Намжилжав нь юм. Энэ хүн бараг насаараа сумандаа төрийн албан хаагч байж. Зүгээр нэг үүрэг биелүүлэгч байсангүй. Оюунлаг нэгэн тэр шатрын спортыг нутагтаа дэлгэрүүлэгч нь байсан юм гэдэг. Өөрөө шатрын улсын нэгдүгээр зэрэгтэй төдийгүй 1972 онд Бигэрийнхнийг сумаараа шатарчин гэдэг хөдөлгөөнийг санаачилж айл бүхэнд шатартай болгожээ. Тиймдээ энэ сумын онцлог нь бусдаасаа оюунлаг гэгдэх болсон байдаг. Монголын шатарчдаас анхны олон улсын хэмжээний мастер болсон Т.Үйтүмэн эндхийн ард түмний нэг эд эс нь. Сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон юм билээ.
-Миний аав сумын захиргаанд нарийн бичгийн даргаар 25 жил нийт 38 жил ажилласан. Нутгийнхандаа хамгийн нэр хүндтэй нэгэн байсан юм.
Тийм болоод тэр болов уу. Бигэрийн 100 жилийн ойгоор сумын захиргааг аавын минь нэрэмжит болгоё гэсэн санал ирүүлж байсанд баярладаг гэж ярьсан юм.
Н.Энхнасан шатрын багш Бүдээхүүтэйгээ сумандаа аймагтаа, бүр улсын чанартай тэмцээнд оролцож явж. Тэгээд бүх ард түмний их наадамд оролцож хүрэл медаль хүртснээр шатарчин болох замаа нээсэн байгаа юм. Дараа нь оюутан ахуйн болоод багш хэмээх сайхан мэргэжлийн эзэн болж мөн л 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан байна.
Түүнд багш гэдэг нэг л сонсголтой санагддаг байж. Нарт хорвоод байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ гэсэн нэг суутны үг сэтгэлд нь хадаатай явснаас ч болсон уу. Хичээсээр яваад л багш болчихож.
Багш хүн хүний төлөө энэ нийгмийн гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгох гэж зүтгэж явдаг юм гэж Н.Энхнасан хэлнэлээ. Өөрийн амьдралаар бий болгосон дүр зураг нь сайхан санагддаг болоод зүрх сэтгэлийн тийм нандин үгийг хэлсэн биз.
Ерөнхий боловсролын болоод техник мэргэжлийн сургууль, дээд сургуульд хүртэл багшилж. Монгол хэл, түүхийн хичээлийг олон мянган хүүхдэд заасан байна. Шилдэг арга зүйч багшаас эхлээд боловсролын тэргүүний ажилтан цолтон болж явсан нь өнөөдөр багшаар ажилласан 43 жилийн нь намтрыг чимдэг байх юм. Харин багшийн цаг наргүй албанаас болоод шатраа нэг хэсэгтээ орхисон гэж байна лээ.
-Би 30 гаруй жил шатраа орхисондоо жаахан харамсдаг. Гэлээ ч тэтгэвэрт гараад би одоо хэрхэн амьдрахсан билээ гээд бодсон. Шатар маань бодогдсондоо гэж Н.Энхнасан ярьсан юм.
Энэ үг хувь заяаныхаа цаг хугацааг эзэгнэж чадсан хүний үг ажээ. Хань М.Баасанжав нь ч бас шатарчин өөртэй нь адил олон улсын хэмжээний мастер хүн. Хоёулаа ахмад шатарчдын тэмцээнд нэг биш удаа оролцож бас ч амжилт үзүүлсэн нь урам өгч. Тэгээд шатрын клуб байгуулсан нь бас анхдагч нь байж. Шатарчин болохыг хүссэн хүүхэд дэндүү олон бүр заал бүхнийг нь дүүргээд ирж. Тэгэхээр клубээ академи болгон өргөжүүлж оюун ухааны нэг гал голомтыг бадраасан байна.
-Шатар бол зөвхөн нэг зүтгэлтэй хүний биш баг, хамт олны хөдөлмөрийн үр дүнд хөгждөг юм байна. Иймээс бид нарийн зохион байгуулалт, ухаалаг аргыг сонгож ажилласан.
Академийн ерөнхийлөгч нь манай нөхөр М.Баасанжав, би гүйцэтгэх захирал нь бас шатрын туршлагатай багш нар байна. Заах арга зүй гэж ярьвал зөвхөн шатар биш ерөнхий эрдмийн хичээлүүд байх ёстой. Иймээс асар их хөдөлмөр шаардах юм байна л даа гэж Н.Энхнасан ярина билээ. Академи гэдэг энэ байгууллагын хувьд оюунлаг хүмүүсийн цуглуулга л энд ажиллах ёстой юм байна. Энэ нөхцлийг ч тэд бүрдүүлж чаджээ. Амьдрал бол тэмцэл. Шатар бол ялалт, ялагдал нь тэнцүүхэн ухаан хайрладаг аугаа спорт.
Балчирхан хүүхдүүд шатар сурах нь нэг хэрэг. Сураад заавал тив, дэлхийн аварга болох нь чухал биш. Харин төлөвшиж хүмүүжинэ. Аливаад тэсвэр тэвчээртэй чанарыг эзэмшинэ. Тогтвортой сууж сурахын зэрэгцээ анхаарлаа нэг чигт төвлөрүүлж сурна.
Тиймдээ шатар нь хүний оюун ухааныг тэлж юмыг бодож боловсруулдаг, асуудал бүрээс шийдэл олж чаддаг чадвартай болгоно гэдэг нь түүний ярианы амин сүнс нь юм билээ. Шатрыг хүүхдэд заах дараалал нь нүүдэл сургах, нүүдэл сургасны дараа төрөл бүрийн гараа, арга зүйг мэдүүлнэ. Ингэж зөв системээр заагаад сайн тоглодог болоод ирэхээр нь шатрын бичиглэл, дэлхийн том шатарчдын тоглолтыг тайлбарлах гээд төрөлтэй юм. Бас шатрын ном гэж сайн багш бий. Шатартай шадарласан хүүхэд зөвхөн сайн тоглогч биш амьдралдаа олон гаргалгааг зэрэг бодож түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай бүрэн төлөвшсөн хүн болж чадна. Хос мастер академи ийм л чин зорилготойгоор ажиллаж монголын шатарчдын хойч үеийг бэлтгэж байна. Тэднийх өдөрт гурван ээлжээр хичээллэнэ. Бямба, ням гаригуудад голчлон тэмцээн зохион байгуулна.
Шатар хэрхэн сурч байгааг бусад төрлийн ерөнхий эрдмийнх шиг цаас тарааж өгөөд юу сурсныг бичүүлж шалгалт авдаггүй онцлоготой учир богино хугацаанд хийдэг тэмцээнүүд нь шүүлэг болдог юм байна. Н.Энхнасантай ярилцах явцад жинхэнэ багш хүний үг санаа л ийм байдаг байхдаа гэсэн бодол давамгайлж байлаа. Тэр өөрийн дөрвөн хүүхэд, шавь нартаа дандаа сургамж хайрлаж байдаг гэнэлээ. Тэр үедээ аавынхаа захиасыг тодотгож санадаг гэнэ.
Аав нь
-За миний охин эрдэм ном сурах нэг хэрэг. Хамгийн гол нь хүнлэг бай. Түмэндээ тустай, тууштай хөдөлмөрч хүн болоорой гэдэг гэж хэлдэг нь санаанд нь илхэн. Тиймдээ аавын минь тэр үнэтэй сургаал үг, миний амьдралын гол философи болж явдаг гэж Н.Энхнасан хэлнэ лээ.
Тэднийх гурван охинтой. Тэдэндээ бас захихдаа –Эмэгтэй хүн болгон ижий болно. Айл гэрийн эзэгтэй хүний хань болно. Иймээс эр хүнийг хүндэлж цайтай ундтай сайхан сэтгэлээр хандаж явахыг сур. Эм хүн гэр орноо өөд татаж өнгө оруулж явах учиртай гэж учирлана. Шавь нартаа бол эрэгтэй нь өрхийн тэргүүн, эмэгтэйчүүд айл гэрийн эзэгтэй болно. Иймээс одооноос гэгээлэг, хөдөлмөрч занг эрхэмлэ гэсэн сургаалаа хэлнэ. Багш хүн болгон шахуу ийн хэлдэг ч Н.Энхнасангийн үг өгөөжтэй нь илт юм билээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд шавь нараас нь дэлхийн шатрын холбооны мастер төрлөө. Шатрын мастер, дэд мастерууд тодорч гарав. Цаашлаад Монголын шатарчин хүүхдүүд тив дэлхийн тэмцээнд түрүүлж байна. Нэр алдраа дуурсгаж байна. Энэ нь монголыг харах харааны чиг наашаа эргэж байна гэсэн үг. Энэ хэний хүч юм бэ? гэвэл энэхүү хөрөг нийтлэлийн маань эзэд Н.Энхнасан шиг, түүний хань М.Баасанжав шиг шавь бэлтгэж байгаа эгэл мөртлөө энгүй сайхан оюунлаг хүмүүсийн гавъяа юм даа.
-Монгол хэл заах, шатарт сургах хоёрт ялгаа байдаг уу гэхэд Н.Энхнасан
-Бид шатрын зэрэгцээ монгол хэлээ зааж байна. Тэгэхээр ялгаатай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр монгол хэл шатар хоёр цаанаа гүн холбоотой. Шатарт ноён, бэрс, морь, тэмээ, тэрэг гээд дан монгол үг бий. Тэднийг ялгаж таних, тоглож сурах, хожих хожигдох үйл явц бүгд монгол хэлний хичээл юм шүү дээ гэлээ. Шатарт хожигдох бүрт хүн ухаан сууна. Өөр арга, сэдэл олж авна. Энэ нь угтаа спорт бүрийн сургамж, мөн чанарын илэрхийлэл юм л даа. Хэн хүний санаад нийцэхгүй юм байхыг алийг тэр гэхэв. Багш Н.Энхнасанд ч мөн ялгаагүй. Олон арван жил багшилсан хүн болохоор өнөөгийн боловсролын системд ямар алдаа оноо байгааг андахгүй мэдэх хүн.
Өнөөгийн хүүхэд, залуучууд монгол хэлэндээ муухан, бичгийн хэв соёл ч тааруу байгааг сургалтын арга зүйтэй холбон хэлж байналээ. Монгол хэлний хичээлийг заах аргаас гадна зөв сайхан найруулж ярих, бичих талын сургалт байхгүй болсон. Адаглаад эгшиг долоон гийгүүлэгчийг өгүүлбэр зүйтэй нь урьд нь бүтэн гурван сар заадаг байсан бол одоо 2-3 долоо хоногт багтаан зааж байна. Энэ хугацаанд хүүхэд бараг нүдэлж чадахгүй өнгөрөх талтай.
Өмнөх үеийн программ бол хүүхдэд юмсыг төгс ойлгуулж чаддаг байлаа. Онц, сайн, дунд, муу гэсэн үнэлгээ ч зохистой байсан гэдгийг Н.Энхнасан багш хэлж байна. Бас гадаад хэл сургахыг их голчлох боллоо. Гэхдээ эхлээд монгол хэлээ сайн сурах нь суурь дэвсгэрийг нь зөв тавих үндэс болдог гэсэн юм. Ер нь зөв сургалт их юм өгнө. Хэл муутай ч гэх юмуу “Р” үсэг хэлж чаддаггүй хүүхэд 2-3 сарын дараа зүгээр ярьдаг болох жишээтэй. Н.Энхнасан багшийн шавь нэг охин улсын аварга шатарчин болжээ. Түүний нэр нь Д.Энхнасан. Энэ тухай дурсамж хэлэх нь Н.Энхнасангийн аав Намжилжавын найз Жадамба гэж моринд дуртай нэгэн байв. Түүний удмын нэг эмэгтэй охиноо шавь болгоё гэж ирэхдээ Н.Энхнасанд:
-Өөрийг чинь хүүхэд насандаа улсын аварга шатарчин болоод ирж байхад аав чинь хичнээн их баярлаж байсан гээч. Нутгийн ахан дүүс бид ч бөөн баяр болсон.
Тэгээд энэ охиноо төрөхөд тэр баяр хөөрийг билэгшээж чиний нэрийг хайрласан юм гээд дөнгөж дөрвөн настай охиноо авчирч өгөхдөө бараг л энэ чиний охин гэж хэлсэн байгаа юм. Тэгээд Доржсамбуугийн Энхнасан гэдэг охин найман настайдаа улсын аварга цолтон болж. Ерөөлөөр болно гэсэн үг тэр биз ээ. Тэр охин энэ жил Египетэд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож.Энэ мэтээр багш Н.Энхнасангийн амьдралд тохиолдсон сонин сайхан юм зөндөө л аж.
Тэр дурсамжтай бүхнээ нандиглан хадгалж явдаг нь ч түүний нягт нямбай занг илтгэнэ. Хаа тэртээ тавь гаруй жилийн өмнө Монголын пионер сурагчдын спартикиадаар Говь-Алтайгаас ирсэн жаахан охин алтан медаль хүртэж байсан тухай “Пионерийн үнэн” сонинд зурагтай гарсан хайчилбар үзүүлэв. Уг мэдээг бичсэн хүн нь Р.Чулуун байв.
Бас 1977 онд Улсын аврага шатарчин болчихоод аав, ижийдээ бичсэн захиагаа нандигнан хадгалжээ. Н.Энхсайхан хань ижил, үр хүүхдүүддээ бол сүүтэй бурхан, олон мянган шаь нарынхаа хайртай багш нь шатрын хөлөг дээр гэж ярьвал аваргын бариатай мундаг тамирчин. 2014 онд Макаод, 2016 онд Сингапурт ахмадын олон улсын тэмцээнд амжилттай оролцож явж. 2019 онд улсын аварга шатарчин болсон. Энэ онд Завханд болсон тэмцээнээс мөнгөн медаль, Хөвсгөлд мастеруудын тэмцээнээс хүрэл медаль авчирсан гээд түүний амжилтын буухиаг тоочих юм бол дуусашгүй ээ. Үеийнхээ шатрын садан Ч.Баярмаа, Бямбаа, Хандсүрэн, Батцэнгэл гээд ахмад мастеруудтайгаа шатрын алаг хөлөг дээр хэрхэн тэмцэлдэж явснаа бахархан ярьдаг юм билээ тэр. Ийнхүү шатрын олон улсын хэмжээний мастер, багш Н.Энхнасан ертөнцийн алив сайхныг өргөө гэртээ, хувь заяандаа шингээсэн ухаант монголчуудын нэгэн болж эх орныхоо үүднээсээ хойморт нь хүрэх уужимхан зайд насаа элээж намтар түүхээ бичсээр явна. Түүний дотоод сэтгэлийн бүүвэй нь багшлахын ухаан ажээ.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Шатрын зааландаа насанд хүрэгчидийг оруулж тоглуулдаг юм ! Тэрнийхээ тааксыг энэ жил өсгөөд 5000 болгочихсон нь жаахан тиймэрхүү ! Хуучин 3000 хэвээр байсан бол зүгээр байсан юм да Баасанжав аа ! Одоо тоглогч өвгөчүүл очихгүй байгаа биз дэ !
Уг нь гайгүй ч бичдэг бичээч байсансан ....