sonin.mn

СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 7 /TASS/. Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол ирэх өдрүүдэд бусад салбарт шагналын эздийг зарлана. Аравдугаар сарын 8-нд буюу мягмар гарагт физикийн салбар, лхагва гарагт химийн, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хороод шийдвэрээ зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтныг тодруулна. 1968 онд Шведийн Төрийн банкны бий болгосон, Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 14-ний өдөр тодорно.


Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болох Стокхолм дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ.


Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо нь байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөхийн тулд шинжээчдийг урих эрхтэй. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан байна. Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээлдэггүй билээ.


Гэхдээ хөхний хорт хавдрын удамшлын BRCA1 генийг нээсэн Америкийн эрдэмтэн Мэри-Клэйр Кингийг шагналыг хүртэх магадлалтай гэж Шведийн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн АНУ-ын хорт хавдрын дархлаа судлалаар анхдагчдын нэгд тооцогддог Стивен Розенбергийг шагнал хүртэх магадлалтай хүмүүсийн нэг гэж таамаглажээ.


Америкийн "Clarivate Analytics" компанийн шинжээчид нэр нь дурдагдсан эрдэмтдийн жагсаалтдаа үндэслэн хэн шагнал авахыг урьдчилан таамагласаар иржээ. Уг жагсаалтад тухайлбал, Америкийн эрдэмтэд болох Жонатан Коэн, Хелен Хоббс нар багтжээ. Тэд "зүрх судасны өвчнийг эмчлэх шинэ эм гарган авахад хүргэсэн липидийн солилцооны генийн судалгаагаараа" энэ шагналыг хүртэж магадгүй байна. 


“Clarivate”-ийн шинжээчид мөн мэдрэл судлаачид болох Америкийн эрдэмтэн Энн Грейбиел, Японы эрдэмтэн Окихиде Хикосакү, Британи-Германы судлаач Вольфрам Шульц нарыг "тархины гүн дэх мэдрэлийн эсийн бөөгнөрөл, физиологийн судалгааны ажлаараа" шагнал хүртэх магадлалтай хүмүүсийн жагсаалтад оруулжээ.


Түүнчлэн Германд ажиллаж буй Югославт төрсөн эрдэмтэн, хувьслын биологич Давор Солтер, Кени-Британийн эрдэмтэн Азим Сурани нар “хөхтөн амьтдын эсийн өсөлт, хуваагдлын үед генийн үйл ажиллагааны удамшлын өөрчлөлтийн /эпигенетик/ талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн нээлт болох генийн импринтингийг нээснийхээ төлөө” физиологи, анагаах ухааны салбарын шагналтнаар тодорч магадгүй гэж үзэж байна. 


Энэ салбар дахь өнгөрсөн оны Нобелийн шагналыг Америк-Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар "нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр нээлт хийж, COVID-19-ийн эсрэг mRNA вакциныг гарган авах боломжийг нээснийхээ төлөө" хүртсэн билээ. 


1901 онд Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг 113 удаа олгож, 225 хүн хүртсэний 12 нь эмэгтэйчүүд байв. Хамгийн залуу шагналтан нь 1923 онд инсулинийг нээснийхээ төлөө 32 настайдаа уг шагналыг хүртсэн Фредерик Бантинг бол хамгийн ахмад нь болох Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлснийхээ төлөө 87 настайдаа хүртэж байжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг