sonin.mn

МАНИЛА, 2024 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Филиппин, Өмнөд Солонгос улсууд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиуллаа гэж Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос тус улсад айлчилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг хүлээн авч уулзахдаа мэдэгджээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Өмнөд Хятадын тэнгис, Солонгосын хойгийн байдал зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож, эргийн хамгаалалтын албаны хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Юн Сог Ёль хэлэхдээ, хоёр улс аюулгүй байдлын салбарт түншлэлээ бэхжүүлнэ гэдгийг онцлоод, Өмнөд Солонгос улс Филиппиний армийг шинэчлэх хөтөлбөрт оролцоно гэж мэдэгджээ.


Хоёр удирдагч олон улсын дүрэм журам, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгист далайн тээврийн аюулгүй байдлыг хангах тухай дэг журмыг сахин биелүүлэхээр тохиролцсон гэж Юн Сог Ёль хэлээд, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон тус улсын “бодлогогүй өдөөн хатгалга”-ыг олон улсын хамтын нийгэмлэг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт санал нэгдсэнийг онцолсон байна.  Юн Сог Ёль 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Сингапурт айлчилж, 10-нд Лаос улсыг зорино. Лаост тэрбээр Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнууд болон Азийн бусад хэд хэдэн орны удирдагчид оролцох бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг