sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 8 /VOA/. Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн гадаад санхүүжилтэд голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс, байгууллагуудад АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээг тус бүлэглэл Израил руу дайрснаас хойш нэг жил өнгөрч байгааг тохиолдуулан авсан байна. 

Тодруулбал, гурван хүн болон "буяны гэж нэрийдсэн хуурамч байгууллагыг", түүнчлэн Газад бүртгэлтэй “Al-Intaj” банкийг хоригийн жагсаалтад оруулж, тэднийг ХАМАС-т дэмжлэг үзүүлсэн гэж буруутгажээ. АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, энэ банк нь тус бүлэглэлийн хяналтад байдаг аж. 

Мөн ХАМАС-тай эртнээс хамтран ажиллаж байгаа, Туркт оршин суудаг Йемений иргэн, түүнд хамаарах есөн аж ахуйн нэгжид хориг тавьсан гэж Сангийн яам мэдэгдсэн байна.

“ХАМАС бүлэглэлийн харгис хэрцгий террорист халдлагаас хойш нэг жил өнгөрч байгааг тохиолдуулан бид ХАМАС болон Иранаас дэмжлэг авдаг бусад бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, дахин хүчирхийлэл үйлдэх нөөц бололцоог зогсолтгүй сулруулсаар байх болно” гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэв. Түүний мэдэгдсэнээр, Сангийн яам ХАМАС болон нөхцөл байдлын давуу талыг ашиглан орлогын нэмэлт эх үүсвэр бий болгохыг зорьж буй хүмүүсийг оруулаад тус бүлэглэлийн хамтрагчдад хариуцлага тооцохын тулд боломжтой бүх хэрэгслийг ашиглаж байна.




Израилын эрх баригчдын мэдээлснээр, жилийн өмнө ХАМАС бүлэглэл Газын зурвастай хил залгаа орших Израилын хот суурингуудад гэнэтийн дайралт хийх үеэр 1200 гаруй хүн амиа алджээ. Израилын 250 орчим иргэнийг зэвсэгт этгээдүүд барьцаалсан байна.




"Газын зурвасын энгийн иргэдэд тусалж байгаа гэж худал мэдэгдэж байгаа хуурамч буяны байгууллагаар дамжуулан хөрөнгө босгохын тулд ХАМАС бүлэглэл Газын иргэдийн зовлон зүдгүүрийг ашиглаж байна" гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Энэ оны эхэн гэхэд тус бүлэглэл ийм хандиваар сард 10 хүртэлх сая ам.доллар босгосон байх магадлалтай байна. ХАМАС-ын санхүүжилтийн гол эх үүсвэр нь Европын орнууд гэдгийг Сангийн яам онцолжээ.

Тухайлбал, даваа гарагт Италид байрладаг ХАМАС-ын гишүүнийг хоригийн жагсаалтад оруулжээ. Сангийн яамны мэдээллээр, уг этгээд Палестины ард түмэнтэй эв санааны нэгдлийн төлөөх нийгэмлэг гэдэг хуурамч буяны байгууллага байгуулсан бөгөөд тус байгууллагаар дамжуулан ХАМАС-ын цэргийн жигүүрийг санхүүжүүлдэг байна. 

Түүнчлэн Герман дахь ХАМАС-ын төлөөлөгчийн газрын дарга болон Австри дахь тус бүлэглэлийн үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгч нарт хориг тавьжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг