sonin.mn

МАНИЛА, 2024 оны аравдугаар сарын 8 /NHK/. Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте тус улсын өмнөд нутгийн Давао хотын даргад нэр дэвшихээр холбогдох байгууллагад баримт бичгээ хүргүүлснээ мэдэгджээ.

Р.Дутерте 2025 оны тавдугаар сард болох завсрын сонгуулийн үеэр болох Минданао арлын хамгийн том хотын захирагчийн албан тушаалд нэр дэвшихээр шийдсэнээ даваа гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.




Р.Дутерте болон одоогийн Ерөнхийлөгч бага Фердинанд Маркосын харилцаа энэ жил зөрчилдөөнтэй болж буй үед дээрх шийдвэрийг гаргажээ. Ерөнхийлөгч асны ууган охин, дэд Ерөнхийлөгч Сара Дутерте эцэг нь завсрын сонгуулиар улс төрийн нөлөөгөө бэхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсээр ирсэн байна.




Харин 79 настай Р.Дутерте нас дээр гарсан тул улс орон даяар сонгуулийн кампанит ажил явуулахад хүндрэлтэй болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Тэрбээр 2016 онд Ерөнхийлөгч болохоосоо өмнө Давао хотын даргаар хорь гаруй жил ажилласан бөгөөд цагдаагийн байгууллагад илүү их эрх мэдэл олгох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр тус хотыг аюулгүй болгосон гавьяатай нэгэн ажээ.

Мөн Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг удирдаж байсан бөгөөд уг ажиллагааны явцад 6000 гаруй хүний ​​аминд хүрсэн гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг мансууруулах бодистой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсийг шүүхээс гадуур хөнөөхөд хүлээцтэй ханддаг байсан гэж үздэг байна. Түүнчлэн мансууруулах бодистой тэмцэх кампанит ажил нь хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг байж болзошгүй хэмээн Олон улсын эрүүгийн шүүхээс шалгаж байгаа аж.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг