sonin.mn

Касим гарамын нүүрсээр ажилладаг цахилгаан станцын Хятадын автомашин террорист халдлагад өртсөн асуудлаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч аравдугаар сарын 7-нд байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал: "Пакистаны орон нутгийн цагаар аравдугаар сарын 6-ны оройн 11 цагийн үеэр Хятадын аж ахуйн нэгжийн төслийн автомашин Карачи Жинна олон улсын нисэх онгоцны буудал ойролцоо террорист халдлагад өртөв. Хятад, Пакистаны иргэд эндэн бэртсэн бөгөөд үүнээс Хятад улсын 2 хүн эндэж, 1 хүн бэртсэн. Хятад улсын иргэн халдлагад өртсөн явдалд Хятадын тал маш их цочирдсон бөгөөд энэ терроризмын үйлдлийг хатуу зэмлэн буруушааж, нас барсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлэн, тэдний ар гэрийнхний уй гашууг хуваалцаж байна. Хятадын ГХЯ болон Пакистанд суугаа элчин сайдын яам, консулын газар онцгой байдлын механизмыг нэн даруй хэрэгжүүлж, шийдвэрлэн зохицуулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байна.


Пакистаны тал аврах ажиллагааг бүх хүчээрээ хийж, мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнийг баривчлан хуулийн дагуу шийтгэхийг Хятад улс шаардаж байна. Үүний зэрэгцээ тусгай арга хэмжээ авч, Хятад, Пакистаны эдийн засгийн коридор болон Пакистанд ажиллаж буй Хятадын иргэд, төсөл, байгууллагуудын аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан. Хятад, Пакистаны харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа болон Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эвдэх гэсэн терроризмын хүчний оролдлого биелж чадахгүй. Хятад улс терроризмын эсрэг Пакистаны үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих бөгөөд Пакистантай хамтран зүтгэж, Хятад, Пакистаны харилцааг бусниулах гэсэн бүх оролдлогыг шийдэмгий устгахад бэлэн байна" гэжээ.


Г.Бямба