sonin.mn

Иргэн О.Отгонтөгстэй ярилцлаа.



Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 


 Намайг Оргилын Отгонтөгс гэдэг. Орхон аймгийн уугуул. “Сити” их сургуулийг төгссөн. Нягтлан бодогч мэргэжилтэй. “Капитрон” банк, “Глобал бридж” группэд тус тус ажиллаж байгаад хувийн бизнес эрхэлж байгаа. Товчхондоо бол машины ченж.


Орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвших болов?


Би маш олон асуудлууд нийгмийн сүлжээнд хөнддөг. Хүмүүс ч түүгээр маань их мэддэг. Тэгэхдээ би сошиалаар хандив гуйсан биш, хэн нэгний зовлон дээр зоолоогүй. Гудамжнаас мянга орилсон ч юу ч өөрчлөгдөхгүй юм. Хэдэн төгрөгний татвар төлөхөөр үхрийн чихэнд ээмэг хийгээд байхаар хэний ч дургүй хүрнэ. Бидний олдог мөнгө аялдаг, зугаалдаг, хуримтлуулдаг, үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулж хүрдэг байвал хэн энэ нийгмийг шүүмжлээд байх юм бэ? Надтай надгүй энэ нийгэм зөв гольдролоороо хөгжөөд байвал хэн ч юм дуугарахгүй биз дээ? Тэгээд залуу хүний хувьд дотор нь ороод өөрчлөе гэж бодсон. 


Гэхдээ АН-ынхан өөрсдөө надад санал тавьсан. Би нэг л шаардлага тавьсан. Та нар дээрээ МАН-тай эвссэн. Хотод арай энэ бродюр, ногоон автобусны хулгайч нартай эвсэхгүй биз дээ, би бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг шаардлага.


Анх ер нь яагаад лайв хийх болсон бэ? Анхны лайв чинь ямар агуулгатай байлаа?


Ковид-19 цар тахлын үеэр банкныхаа хүүг цэгцлээгүй байсантай холбоотойгоор лайв хийж байсан.Жишээлбэл би хоёр машин авчихсан ББСБ-ын зээлтэй байлаа гэж бодоход гэртээ ямар ч ажилгүй хөл хорионд орчихож байсан. Тэгсэн атлаа зээлийн хүү нэхэгддэг. Улсаас гурван зуун мянган төгрөг өгөөд сар хорьчихоор чинь хэний ч гэсэн уур хүрнэ биз дээ? Тэгээд л та нар банкны зээлийн хүү, вакцинаа шийдээчээ гээд Натурын гүүрэн дээр лоозон бариад гарсан чинь баривчлагдаад явчихаж байгаа юм. Үүнээс хойш л дарга нарт хууль үйлчилдэггүй, жирийн иргэдэд л үйлчилдэг юм байна гэж үзэн, тэмцсэн. Хамгийн гол нь та нар хуулийн дагуу тэмцэж чадна, болно шүү гэсэн мотивацийг залуучуудад өгөхийн тулд дуугарч эхэлсэн юм.


Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “АН-аас НИТХ-д залуу Женкочид, мэдрэл муутай лайвчид, хулгайч, шантаажчид нэр дэвшиж байна” гэж ярьсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?


Нэгдүгээрт, хүнийг ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэнэ гэдэг бол гэмт хэрэг. Тэгэхдээ намайг гүтгэлээ гээд хуулийн байгууллагад өгөөд явбал шийдэгдэхгүй байсаар сонгуулийн хугацаа дуусна. Би яг үүнтэй төстэй агуулгаар хуулийн байгууллагад гомдол гаргаад шийдэгдэлгүй нэг жил болж байна. Гэтэл сайд, дарга нар нь иргэн хүнд гомдол гаргахаар долоо хоногийн дотор шийдэгддэг. Х.Нямбаатар Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд байсан хүн, бяр нь амтагдаад байгаа юм байлгүй. Хоёрдугаарт,


Х.Нямбаатар Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд байхдаа “Женко”-гоо шалгахгүй яасан юм бэ? Шалгаад тэр шоронд нь хийчихгүй яасан юм бэ? Х.Нямбаатар өөрөө шантаажчин юм биш үү?


Эсвэл өөрөө “Женко”-тойгоо хувийн харилцаатай юм биш үү? Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдлэх гэж байгаа хорь, гучин залууд хорь, гучин жилийн өмнөх хулгай хийсэн улс төрөө авчирч, наагаад байгаа нь маш увайгүй үйлдэл. Энэ залуучуудыг хулгай хийсэн, шантааж хийсэн гэх баримт нь байна уу? Байхгүй.Ийм бохир зүйлийг бүхэл бүтэн Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд байсан, хотын дарга хүн ярьж байгаа нь өөрөө гутамшиг. Х.Нямбаатар их л сандарч, айж тэвдэж байх шиг байна.


Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар өнөө өглөө гэнэт мэдээлэл хийж, авто замын ажлыг зогсоох эсэх санал асуулга явуулна, бродюрын асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдлээ.Яагаад ингэх болсон гэж та дүгнэж байна?


АТГ, Аудитын Газрын даргыг хэн томилох вэ? Х.Нямбаатарын үеэл, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ томилно. Ийм байхад шударга шалгалт явагдана гэж үү? 


Жил болгон болгон бродюр сольдог, мөн төсөв нь жил бүр нэмэгдэж байна. Иймээс би Х.Нямбаатар шиг золбин юм ярилгүй, МАН, АН, ХҮН-ын залуусыг бүгдээрээ мэтгэлцэе гэж уриалж байгаа.




МАН-аас НИТХ-д нэр дэвшигчдийг хэрхэн дүгнэж байгаа вэ? Х.Нямбаатар бол манай нам хамгийн мундаг, боловсролтой хүмүүсийг л нэр дэвшүүлж байна гэж байгаа шүү дээ?


Маш олон факт байна.Х.Нямбаатар долоон жилийн өмнө жагсаал хийж байхдаа М.Энхболдыг л огцруулчихвал Монгол Улс хөгжинө гэж байсан. Жилийн өмнө хотын дарга болохдоо Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгосон хүн бол М.Энхболд, би баасыг нь цэвэрлэх гэж байна гэж ярьж байсан.



Өнөөдөр охинтой нь нэг баг болоод НИТХ-д нэр дэвшиж байгаа нь ариун явдал уу? 


Ногоон автобусны хэрэгт, 300 тэрбумын хэрэгт яллагдагчаар татагдсан, Д.Сумьяабазарын орлогч байсан Ж.Сандагсүрэнг НИТХ-д нэр дэвшүүлж байгаа нь ариун явдал уу? Утааг арилгасан гэж байсан Ж.Батбаясгаланг дахин нэр дэвшүүлж байгаа нь ариун явдал уу? Монголчууд бид мартаад байна. Санах хэрэгтэй.



Ярилцсан: Сурвалжлагч Г.Анударь