sonin.mn

Узбекистан улсад болж буй заалны хөл бөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Францын багийг буулган авснаар дэлхийн аваргын төлөө Бразилтай тоглохоор боллоо. 


Хагас шигшээгийн хоёр дахь тоглолт Ташкент хотын “Хумо Арена” спорт цогцолборт болж, аргентинчууд Францын шигшээг 3:2 харьцаагаар хожсон байна. Аргентины Кевин Арриета 3 ба 37 дахь минутанд торгуулийн цохилтоор дубль хийсэн бол Анхель Клаудиньо 8 дахь минутанд гоол орууллаа.


Францын шигшээгээс Николя Менендес /6/, Мамаду Туре /25/ нар гоолдсон байна. Ингэснээр Казахстаны багийг шигшээ 8-д хожсон аргентинчууд Украины багийг 3:2-оор хожсон Бразилын шигшээтэй алтан медалийн төлөө тоглохоор боллоо.


Франц, Украины багууд ням гарагт Улаанбаатарын цагаар 20:30 цагт “Хумо Арена”-д хүрэл медалийн төлөө тоглох бол 23:00 цагт финалын тоглолт болно.


Футзалын анхны ДАШТ 1989 онд болсон бөгөөд Бразилын шигшээ баг 1989, 1992, 1996, 2008, 2012 онуудад дэлхийн аваргаар шалгарч байжээ. Одоогийн байдлаар ФИФА-гийн чансааг бразилчууд тэргүүлж байна. 



Б.Адъяахүү