sonin.mn

Испанийн аварга шалгаруулах тэмцээний наймдугаар тойргийн тоглолтын үеэр зохисгүй үйлдэл гаргасан 60 орчим хөгжөөн дэмжигчийг клубийн эгнээнээс хасах шийдвэрийг Мадридын "Атлетико" клубийн удирдлага гаргажээ. 


Өнгөрсөн ням гарагт “Атлетико” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Атлетико”-“Реал” багуудын тоглолтыг /1:1/ 68 дахь минутанд зогсоохоос аргагүйд хүрсэн бөгөөд учир нь, хөгжөөн дэмжигчид Бельгийн хаалгач Тибо Куртуа руу ундааны сав зэрэг элдэв зүйл шидэж байжээ.


Шүүгч тоглолтыг зогсоож, хөлбөмбөгчдийг индрийн дорх өрөөнд оруулсан бөгөөд тоглолт 20 минутын дараа дахин эхэлжээ. Даваа гарагт “Атлетико” клуб яаралтай зөвлөгөөн хийх үеэр клубийн ерөнхий захирал Мигель Анхель Хиль Марин хэлэхдээ, 60 орчим хөгжөөн дэмжигчийг цэнгэлдэх хүрээлэнд оруулахыг хориглохоос аргагүйд хүрснийг мэдэгджээ. Мөн зохисгүй үйлдэл гаргасан нэг хүнийг хэн болохыг тогтоож, клубийн гишүүнчлэлээс насан туршид нь хассан байна.


Мадридад болсон тоглолтын өмнөхөн “Атлетико”-гийн хөгжөөн дэмжигчид акц зохион байгуулж, цэнгэлдэх хүрээлэнд маск зүүн ирж, “Реал”-ын довтлогч Винисиус Жуниорыг гутаан доромжлохыг уриалжээ.


Фанатууд маск зүүсэн байсан тул чухам хэн нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлээр Винисиус руу дайрч давшилсан бэ гэдгийг тодруулах боломжгүй байгаа юм. Ийм учраас нүүрээ халхалсан ямарваа хаалт хэрэглэх, хувцас өмсөхийг хориглоно гэдгээ “Атлетико”клубийн удирдлага мэдэгджээ. 



Б.Адъяахүү