Алдарт хөлбөмбөгчин Диего Марадонагийн шарилыг Буэнос-Айрес хотод барьж буй мавзолейд шилжүүлэн байрлуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг Аргентины Сан-Исидро хотын шүүх гаргажээ.
Марадонагийн охид болох Дальма, Жаннина нар эцгийнхээ шарилыг бунханд авчрахыг хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шарилыг шилжүүлэн авчрах нь түүний бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй гэж шүүх үзээд зөвшөөрөл олгосон байна.
Одоогоор Марадонагийн шарил Буэнос-Айресын хаяа хот дахь нэгэн хувийн оршуулгын газарт байгаа бөгөөд уг газар руу хүмүүсийг нэвтрүүлдэггүй ажээ. Марадонагийн охидын бодож төлөвлөж байгаагаар бол, ирэх онд барьж дуусгах мавзолейд шарилыг шилжүүлэн авчирснаар хүссэн хүн бүр Аргентины хөл бөмбөгийн домог болсон хүний дурсгалыг хүндэтгэх боломжтой болох юм.
Домогт хөлбөмбөгчин Марадона 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 61 насандаа таалал төгссөн юм. Нас барсан шалтгаан нь зүрхний хурц дутагдал, түүнээс үүдэлтэй уушгины хаван байв.
Тэрбээр 1986 онд Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болсон бөгөөд XX зууны шилдэг хөлбөмбөгчдийн нэг хэмээн тооцогддог. Марадона Аргентины "Архентинос Хуниорс", "Бока Хуниорс", "Ньюэллс Олд Бойз", Испанийн "Барселона", "Севилья", мөн Италийн "Наполи" клубүүдэд тоглож байв. Тэрбээр Италийн АШТ, Италийн цомын тэмцээн, Испанийн цомын тэмцээн, УЕФА-гийн цомд аваргалж байсан юм. Домогт хөлбөмбөгчин нийтдээ 687 тоглолтод оролцож, 363 гоол оруулснаас Аргентины шигшээгийн бүрэлдэхүүнд 113 тоглолтод оролцож, 50 гоол оруулжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0