sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 1 /Reuters/. Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рютте өнөөдөр НАТО-гийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээн авснаар Украины дайн эгзэгтэй үедээ орж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед Өрнөдийн цэргийн эвслийг нэгтгэх үүрэг хүлээнэ. 


Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд болох ёслолын үеэр М.Рютте арван жилийн турш тус эвслийг удирдсан Норвегийн улстөрч Йенс Столтенбергээс Ерөнхий нарийн бичгийн даргын халааг авах юм.


М.Рютте 32 гишүүнтэй эвсэл дэх Й.Столтенбергийн баримталж ирсэн тэргүүлэх чиглэлүүд болох Украиныг дэмжих, НАТО-гийн орнуудыг батлан ​​хамгаалахад илүү их мөнгө зарцуулах, Европын аюулгүй байдлыг хангахад АНУ-ыг оролцуулах зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үргэлжүүлнэ гэж НАТО-гийн албан тушаалтнууд, дипломатчид найдаж байна.


Гэсэн хэдий ч сунжирсан дайн болж хувирсан Украины мөргөлдөөн, НАТО-д эргэлздэг Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй энэ үед АНУ-аас НАТО болон Киевт ирээдүйд үзүүлэх дэмжлэгт тодорхойгүй байдал үүсээд байна.


Нидерландын Ерөнхий сайдын албыг хамгийн удаан буюу 14 жилийн турш хашсаныхаа дараа энэ онд албан тушаалаасаа буусан М.Рютте Украиныг тууштай дэмжсээр ирсэн юм. Тэрбээр мөн европчуудыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын талаар “гонгинохоо больж”, тивийн батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэхийг уриалж иржээ.


Гол үүрэг


ЗХУ-аас Баруун Европ руу хийж болзошгүй аливаа дайралтаас хамгаалах зорилгоор 1949 онд байгуулагдсан НАТО-гийн эвсэл Украины дайн дэгдсэнээр олон улсын харилцааны төвд ороод байна.


Швед, Финланд улсууд НАТО-гийн эгнээнд нэгдэж, нэг гишүүн орон руу халдах нь бүгд рүү халдсантай адил гэж үздэг хамтын хамгаалалтын заалтыг өөрт ашигтайгаар тусган авахын тулд тус хоёр улс олон жилийн турш баримталсан эвсэлд үл нэгдэх бодлогоосоо татгалзсан юм. 


Түүнчлэн Украины дайн нь НАТО-г зүүн жигүүр рүүгээ олон мянган цэргийг нэмж илгээж, Москвагаас довтлох эрсдэлийг хамгийн нухацтайгаар авч үзэхийн тулд батлан хамгаалахын төлөвлөгөөгөө эрс шинэчлэхэд хүргэсэн байна. Барууны удирдагчид НАТО-г батлан хамгаалах холбоо гэдгийг онцолдог бол Москва үүнийг Оросын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзсээр иржээ.


Батлан ​​хамгаалахын шинэ төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийн тулд нэмэлт цэрэг, зэвсэг, зардал гаргах шаардлагатайг НАТО-гийн гишүүн орнуудад ятгах нь М.Рюттегийн гол зорилтуудын нэг гэж дипломатчид болон шинжээчид үзэж байна.


АНУ бол НАТО-д давамгайлагч гүрэн боловч тус эвсэл нь зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг тул Ерөнхий нарийн бичгийн даргын гол зорилт бол холбоотнуудын дунд зөвшилцлийг бий болгох явдал юм. М.Рютте эвслийн засгийн газрыг олон жилийн турш удирдаж байсан туршлагатай тул шинэ албан тушаалд тохирно гэдгийг зарим дипломатч хэлж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг