sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Монгол Улсад айлчилахад Монголын тал түүнийг яагаад баривчлаагүй талаар азэрбайжан гаралтай америкийн улс төр судлаач Рамис Юнус Украины “24 Канал” ТВ-д сонирхолтой ярилцлага өгчээ.



Түүний ярилцлагын гол гол санааг сийрүүлбэл: 



“Украины нийгэм, олон улсын хамтын нийгэмлэг уг айлчлалын цэвэр ёсзүй, хүмүүнлэгийн асуудлыг хөндөж үүнд сэтгэл хөдлөлөөр хандаж байгааг ойлгож байна. Гэхдээ айлчлалыг олон улсын улс төр, геополитикийн үүднээс тайлбарлаж болно.”

“Сүүлийн 80 жил бидний амьдарч байгаа дэлхий ертөнц төгс төгөлдөр бус, яагаад гэвэл олон улсын хууль эрхзүйн орчин төгс төгөлдөр бус.” 


“Өнгөрсөн 2-3 жилийн дотор Украиныг дэмжсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэг ч тогтоол гараагүй, Ерөнхий Ассамблэйн гаргасан тогтоолууд нь цааснаас цаашгүй.
“Олон улсын Эрүүгийн Шүүхийн тухай Ромын Дүрмээс Америк 2002 онд гарсан. Тийм болохоор холбоотнуудаа энэ дүрмийн шаардлагыг биелүүл гэж шахах эрхгүй. Америкийн хувьд энэ шүүх ямар ч үнэ цэнэгүй бол холбоотнууд нь түүнийг тоохгүй байх эрхтэй.”


“Монголын нөхцлийг газарзүйн байрлалыг нь харахад л ойлгомжтой. Украины эсрэг өдүүлсэн дайнд Монгол Улс хамаагүй. Эрчим хүчнийх нь 90 хувь Оросоос хамааралтай энэ улсад одоо хатуу шаардлага тавьж байгаа бол 2014 оноос хойш олон улсын хоригийг тойрч Оросоос эрчим хүч авч байсан Европт яагаад ийм шаардлага тавьж чадаагүй юм?”

“2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэж Донбасст олон мянган украин иргэдийг алж байхад Олон улсын Эрүүгийн шүүх Оросын Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргаагүй, Европын Холбооны удирдагчид В. Путинтэй чөлөөтэй уулзаж, зарим нь хоригийг тойрч Орост зэвсэг хүртэл худалдаж байсан. Тийм байж одоо Монголд, эсвэл өөр нэг оронд Оростой ойр дотно харилцаатай байсных нь төлөө хатуу шаардлага тавих эрхгүй.” 

“Ийм давхар стандартаас болж эхлээд Азэрбайжан, дараа нь Гүрж хохирсон, одоо нь Украин хохирч байна.” 


“Олон улсын харилцааны хоёр, гурван давхар стандарт үйлчилж байгаа цагт олон улсын хууль дүрэм хэрэгжих, хэрэгжихгүй байх нөхцөл өөр өөр байна. Монголд өнөөдөр тавьж байгаа хатуу шаардлагыг Орос 2014 онд Украины Крым, Донбассыг, 2008 онд Гүржийн Абхазыг эзлэхэд бусад улсад тавих ёстой байсан.” 


“Азербайжан, Армэнийн сөргөлдөөний үеэр Түрк Азербайжаныг НАТО-гийн гишүүн орны хувьд биш, ах дүү ард түмний хувьд дэмжсэн. Израиль дэмжсэн, Пакистан дэмжсэн. Хуучин Зөвлөлтийн орон зайд Украиныг оролцуулаад нэг ч улс дэмжээгүй. Европын улсууд, Америк, бүгд Армэнийг дэмжсэн. Тийм учраас би Оросын Ерөнхийлөгч яагаад Монголд айлчилсан, Монгол Улс яагаад түүнийг баривчилаагүйг ойлгож байна.” 


“Энэ бүхнийг Украинд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээс биш, өрнөдийн инститүцүүдэд ямар хамаатай вэ гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Энэ айлчлалд Украины гадаад харилцааны яамны түвшинд эсэргүүцэл илэрхийлсэн. Харин Өрнөдийн орнуудын ганц ч томоохон улс төрч мэдэгдэл хийгээгүй. Үүнийг бодож үзэх хэрэгтэй.”

“Олон улсын Эрүүгийн шүүхийг Украин байгуулаагүй. Оросын Ерөнхийлөгчийг баривчлах тогтоолыг Украин батлаагүй. Гэтэл баталсан улс орнууд нь ямар хариу үйлдэл гаргаж байгааг харах хэрэгтэй. Оросын Ерөнхийлөгч Монголд айлчилсан сэдвээр ийм л зүйл хэлэх байна.”


Цааш нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр В.Путин Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дэлхийн үйл явцад үзүүлэх нөлөө, Орос, Украины дайнд америкчууд яагаад өөрөөр хандаж байгаа, Украинд өрнөдийн зэвсгээр Оросын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл хэзээ өгөх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар 41 минут үргэлжилсэн энэ ярилцлагад 5.9 мянган хүн лайк дарж 345 хүн ихэнхдээ эерэг агуулгатай сэтгэгдэл бичжээ.