sonin.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож буй бөгөөд одоогийн байдлаар таеквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, 168 орноос есдүгээр байрт бичигдэж байна. 


Паралимпын наадамд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүндэт зочноо оролцож байна. Тэрбээр өчигдөр Монголын багийн тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо нар оролцов. 


Сайд Ч.Номингийн зүгээс паралимпын наадмын эрхээ авч эх орноо төлөөлж буй тамирчин, тэдний дасгалжуулагч нарт баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд пара спортыг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн ба Монголын үндэсний паралимпын хорооны удирдлагуудтай санал солилцож, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.