sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани зургаан хүний бүрэлдэхүүнтэй, сансрын дэд тойрог замд /суборбитал/ нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг хөөргөжээ. 


Уг хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас пүрэв гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 09:08 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарчээ.


Хөлөг Техас муж улсын баруун хэсэгт амжилттай газардсан байна. “Blue Origin” компани энэ онд уг хөлгөөр хоёр дахь удаагаа нислэг үйлдсэн нь энэ юм. “New Shepard” хөлгөөр Сингапурын бизнес эрхлэгч Николина Элрик, Хойд Каролинагийн их сургуулийн оюутан Карсен Китчен, зүрх судасны эмч Эйман Жахангир, бизнес эрхлэгч Южин Грин, Флоридагийн их сургуулийн профессор Роб Ферл, бизнес эрхлэгч Эфраим Рабин нар аялжээ.


Дахин ашиглах зориулалттай "New Shepard" хөлгийг сансрын жуулчдыг суборбитал буюу дэд тойрог замд аялуулах зорилгоор бүтээжээ. Уг хөлгөөр аялах нислэгийн үнэ одоогийн байдлаар 500 мянган ам.доллароор үнэтэй байна. Сансрын төхөөрөмжүүд, хүнд даацын зөөгч пуужингууд болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг “Blue Origin” компанийг “Amazon”-ы эзэн Жефф Безос 2000 онд байгуулжээ. 


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг