sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан нар танаа


Санал хүргүүлэх тухай 


Та бүхний амар амгаланг айлтгая. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил нь газрын тосны үйлдвэрлэл, хангамжтай шууд холбоотой нь ойлгомжтой гэж миний бие ойлгодог. Үе үеийн төр засгийн байгууллагаас анхаарал тавьж ирсэн Энэтхэг улсын 2 тэрбум гаруй ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тус улсын техник, эдийн засгийн тусламжаар Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг 2019 оноос эхлүүлэн 2027 оноос ашиглалтад оруулах төлөвтэй харагдаж байна.


Уг үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг Дорнодын Тамсагаас БНХАУ-ын олборлож буй өдрөөс 200 гаруй км хоолой татан дамжуулж гүйцэтгэхээр төлөвлөсөн нь уг ордын ашиглалтын нөөц одоогийн олборлолтын байдлаас харвал уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй мэт харагдаж байх юм.


Тэгж холоос дамжуулж хангахад техникийн болон эдийн засгийн үр ашгийн талаас нь шүүмжлэлтэй хандаж ирсэн билээ. Ямар ч болов уг үйлдвэрийн түүхий нефтийн хангамжийг импорт оролцуулан хангах байх гэж бодном. Ер нь манай улсын есөн нэмэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд цаашид шинээр нэмж боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай нь мэдээж. Дотооддоо олборлосон TOCOO боловсруулбал сайн сан. Гэтэл одоогоор судлагдсан тогтоогдсон нөөц хараахан хангалттай биш байна л даа. Иймд импортлох түүхий эд дээр суурилан үйлдвэр байгуулах нь зохистой болов уу гэж үздэг.


Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос үйлдвэрлэх үйлдвэрээ барих тухай "Зууны мэдээ" сонины 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаарт нийтлэгдсэн Н.Итгэлийн саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна.


Урьд тогтолцооны үед Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч даргаар (сайд) ажиллаж байгаад хожим Япон улс дахь манай элчин сайдын яаманд ажиллаж байхдаа академич Т.Намжим Япон улсын газрын тос боловсруулах салбар болон банкуудтай холбоо тогтоон газрын тос боловсруулах үйлдвэрийг (хэрэглэгчидтэй ойр дөт байгуулдаг олон улсын жишгийг харгалзан) Дарханд жилд 2 сая тонн боловсруулах хүчин чадалтай (1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай) үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчны нөлөөллийг боловсруулан техникийн зураг төслийг бэлэн болгож (Дарханд салаа төмөр зам тавих, цахилгааны дэд станц байгуулах ажлыг монголын тал гүйцэтгэх нөхцлөөр) 2014 оноос барилгын ажил эхлэхэд (дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар) бэлэн болгосон байжээ.


Уг төсөлд Монголын ажиллах хүчнийг бэлтгэх зардлыг хүртэл тусгуулж Япон улсын буюу олон улсын өндөр технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийт хөрөнгө оруулалтын зардлаа үйлдвэрийнхээ цэвэр ашгаар 4 жилд бүрэн нөхөж улсын төсөвт жилд 350 сая ам.доллар оруулж байх тооцоотой, маш өндөр үр ашигтай төсөл юм.


Гэтэл уг төслийг үе үеийн Засгийн Газрууд анхаарч хэрэгжүүлээгүй нь харамсалтай. Энэ үйлдвэрийн түүхий эдийг ОХУ, Казакстаны газрын тос олборлогч болон нийлүүлэгчтэй гэрээ байгуулсан нь одоо хүчин төгөлдөр мэт. Иймд уг асуудлыг Японы талд сэргээж тавьж шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж санал болгож байна. Мөн зүүн талын ордуудаа түшиглэж, бага хүчин чадлын боловсруулах үйлдвэр байгуулах, цаашид газрын тосны геологи хайгуулын ажил хийх нь ирээдүйд хэрэгтэй болов уу гэж үздэгээ та бүхэндээ танилцуулж буйг минь анхаарч ажиллана уу! 


Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, эдийн засагч Г.ДОРЖ